🔴LIVE: Б.Мөнхтамир: Би сүүлийн нэг сар орчмоос ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг тавиад байгаа
Төрийн байгууллагын зарим удирдлагыг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд чиглэл болгосон нь гурав хоногийн өмнөх үйл явдал. Тэдний нэг болох “МИАТ“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай ярилцлаа. Түүний хувьд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ сүүлийн нэг сарын турш тавьж байгаа аж.
“МИАТ“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир:
-Санхүүгийн хувьд төвөгтэй зүйл байгаа. Энэ ямар шалтгаантай вэ гэхээр өмнө нь 800 доллараар ОХУ-аас авч байсан шатахуун энэ жил 1300 болсон. Үүнээс үүдээд зардал өссөн. Орон тоо өссөн, яагаад гэхээр өмнө нь бид таван онгоцтой байсан бол одоо арван онгоцтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ батлагдсанаас хэтэрсэн зүйл бол байхгүй.
Хариуцлага тооцох асуудал яригдсан. Энэ бол ТУЗ-ийн бүрэн эрхийн асуудал.
Үүнээс үл хамааран би сүүлийн нэг сар орчим ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг тавиад байгаа. Би өөр ажилд шилжиж байгаа. Энэ байгууллагын гүйцэтгэх захирлаар дөрвөн жил ажиллачихлаа. Үүнээс болоод эргэж мушгиад байх шиг байна. Баахан бүлэглэлүүд ажлыг нь авах гээд байна гэсэн зүйл яригдсан. Тийм зүйл байхгүй. Мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хүмүүсийг буруутгаад байж болохгүй.
С.Бямбацогт сайд 2022-2024 онд ажиллаж байсан. МИАТ компани дээрх өөрчлөлтийг бид хоёр хамтраад л хийж байсан. Хаа байсан С.Мэндсайхан гишүүнийг тэнд оролцуулаад яриад байх шиг байна лээ. Бид хоёр нэг нутгийнх. Бид хоёр гайгүй л харилцаатай байдаг. Шахаж шаардаж, бүлэглэсэн зүйл байхгүй.
2001 онд жилд 2500 нислэг хийдэг байсан бол одоо 4500 нислэг хийдэг болсон. 700 мянган зорчигч үйлчлүүлдэг байсан бол 2.2 сая болж нэмэгдсэн байна. Бид 500 тэрбум төгрөгийн орлого олдог байсан бол одоо их наяд болсон. МИАТ ТӨХК агаарын тээврийн салбарын 50 хувийг эзэлдэг. Цаашид үйл ажиллагаагаа өсгөхийн тулд транзит нислэгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Ковидын үед 3800 зорчигчийг транзитаар тээвэрлэж байсан бол одоо 50 мянган зорчигч тээвэрлэж байна. Транзит бол агаарын салбарын эдийн засгийг тэлэх нэг боломж юм байгаа юм. 3.5 сая хүн амтай улсын 2.2 сая зорчигчийг тээвэрлэнэ гэдэг бол зах зээл нь ханачихаад байна, таазандаа тулчихаад байна гэсэн үг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.