Т.Оюунбаяр: Ард нь үлдэж байгаа гэр бүлийхэнд нь хүндэтгэлтэй хандсан бол тэднийг ойлгох хүн чанарын хэмжүүр бидэнд байсан

Т.Оюунбаяр: Ард нь үлдэж байгаа гэр бүлийхэнд нь хүндэтгэлтэй хандсан бол тэднийг ойлгох хүн чанарын хэмжүүр бидэнд байсан
Монгол улсын начин, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Өлзийсайханы Батзул 2024 оны долоодугаар сарын 30-ны өдөр зуурдаар таалал төгсөж, бөх сонирхогчдын хувьд нөхөж баршгүй уй гашуу авчирсан билээ. 
 
Осол болсон өдөр талийгаачийг хурд хэтрүүлж явсан, гүйцэж түрүүлэхээр завдсан, жолооны үнэмлэхгүй байсан, Эрдэнэтийн зам эвдрэлтэй муу учраас осолдсон, эсрэг урсгалын жолооч согтуу байсан гэх мэт ам дамжсан таамаг, худал мэдээллүүд ихээр гарсан байдаг. Шүүх хурал дуусаж, буруутан ялаа хүлээж, шүүхийн шийдвэр цаасаар албажиж гарсан учир талийгаачийн хань Т.Оюунбаяр хэргийн талаар дэлгэрэнгүй бичсэнийг та бүхэнд товчлон хүргэе. "Хуульд заасан нэхэмжилж болох бүх зүйлийг шүүхээр хангаж шийдвэрлүүлсэн, юу ч үлдээгээгүй" хэмээн төгсгөлд нь бичжээ. 
 
Монгол улсын начин, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Ө.Батзул агсны эхнэр Т. Оюунбаяр: 
 
-2024.07.30-ны өдөр бусдын болгоомжгүй буруутай үйлдлээс болж “Эрдэнэтийнхээ ойд түрүүлчихээд ирнэ ээ” гээд одсон хайрт хань минь харамсалтайгаар амь насаа зуурдаар алдсан юм.
288b0b17a5d14039b276bf3d7ea8d631
Зам тээврийн осолд эрдэнэт хүний амь нас харамсалтайгаар хохирч, нэг хүний биед ноцтой гэмтэл учирсан байдаг.
Тухайн өдөр ослын газарт хийгдсэн баримтжуулалт, шинжээчдийн дүгнэлт зэрэгт үндэслэсэн бодитой мэдээллийг нийтэлж байна.
 
1. Ослын газрын хэмжилт, шинжээчдийн дүгнэлтээр эсрэг урсгалын машин нь урсгал сөрж орсон нь тогтоогдсон.
2. Шүүгдэгчийн анхны мэдүүлэг болон гэрчийн мэдүүлэгт бороо ороод үзэгдэх орчин муу байсан учраас урдаас ирж байсан гэрлийг өөрийн урсгалаар ирж байна гэж бодоод зүүн тийш дарсан гэх мэдүүлэг нотлох баримтаар авагдсан.
3. Цусны шинжилгээгээр хоёр талын жолооч нарт согтолтын зэрэг илрээгүй нь эрүүлээр жолоо барьж явсаныг нотолдог.
4. Шүүгдэгч нь С ангиллын буюу ачаа тээврийн машин жолоодох эрхгүй байсан.
5. С ангиллын эрхгүй жолоочоор ажил олгогч Б…… компани өөрийн ажлыг гүйцэтгүүлсэн.
6. Хань минь 2028 он хүртэл хүчинтэй, В ангиллийн тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхтэй байсан.
7. Мөн тэр өдөр ширүүн бороо ихээр орсны улмаас хоёр талын машины хурдыг тодорхой тогтоох боломжгүй гэж дүгнэсэн ч ачааны машин хэд хэдэн машиныг гүйцэж түрүүлээд явахад, "Их хурдтай явдаг жолооч байна даа" гэж бодсон гэх тухайн замд жолоо барьж явсан жолоочийн ам ярианаас, "Тухайн үед үзэгдэх орчин муу байсан учир тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн удааширсан байтал ачааны тээврийн хэрэгсэл гэнэт эсрэг урсгал руугаа дараад орсон" гэх ард нь явсан жолоочийн гэрчийн мэдүүлэг зэргээс хэний буруутай үйлдлээс осол болсон нь маргах ч зүйлгүй тодорхой байдаг.
 
Мөн осол гэгээн цагаан өдрөөр, эвдрэл гэмтэлгүй, өндөр даваа гүвээ, далангүй шулуун замд болсон байсан бөгөөд нөхөр маань ч нутгийнхаа замын нөхцөл байдлыг буюу хаана ямар саад, эвдрэл байдгыг сайн мэддэг байсан.
 
Хүний амь нас харамсалтайгаар хохирсон байхад осол гаргасан этгээд болон түүний гэр бүлийнхэн, түүний ажил үүргийг хариуцагч байгууллагаас (Ачааны машины жолооч осол болох үеэр ажил үүргээ гүйцэтгэн бараа зөөж явахдаа тус ачааны машиныг жолоодох С ангиллын эрхгүй байсан юм. Ажил үүргийг нь хариуцагч компани нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллуулах ёстой байтал ямар ангиллын жолооны үнэмлэхтэй эсэхийг нь ч мэдэхгүй олон жил жолоочийн үүрэг гүйцэтгүүлсэн байсан. Энэ хариуцлагагүй үйлдлээ ч мөн ухамсарлаагүй ээ.) өмгөөлөгчдийнх нь зүгээс ч тэр ар гэрийнхэнтэй маань холбоо барьж гэм буруутай үйлдэлдээ гэмшин эмгэнэл илэрхийлж уучлалт хүсэх зэрэг хүн ёсны наад захын үйлдэл нэг удаа ч гаргаагүй бөгөөд шүүхээс гэм буруутайд тооцох хүртэлх бүх шатны хуралд хийсэн үйлдэлдээ огт гэмшсэн шинжгүй маргалдаж, мэтгэлзсээр шүүх хурлыг удаа дараа хойшлуулан бидний гэр бүлд маш хүнлэг бус, хүндэтгэлгүй хандсаар ирсэнийг энд сануулан бичье! 
Шинжээчдийг дахин томилуулах хүсэлтийг ч шүүхэд өгч дахин мэргэшсэн шинжээч томилж эсрэг урсгал сөрж орсныг нь зам тээврийн ослын мэргэжлийн шинжээчид удаа дараа нотлох хүртэл бидний эсрэг бүхий л боломжит хувилбараар шүүх хурлын явцыг санаатайгаар удаашруулж байсныг мөн тэмдэглэн үлдээе.
 
Уг нь гэм буруугаа ойлгон ухамсарлаж, ард нь үлдэж байгаа гэр бүлийхэнд маань хүндэтгэлтэй хандаж, ганц ч удаа болов чин сэтгэлийн уучлал хүссэн байсан бол бидэнд тэднийг ойлгож бодох хүн чанарын хэмжүүр байсаан.
 
Хэн ч осол аваар гаргахыг хүсэхгүйг ухамсарлаж байгаа ч үхсэн хүн үг хэлэхгүй гэдгээр хэрэгт хандаж байгаа байдал, харилцаа хандлага, увайгүй үйлдлүүдэд шүүхийн яллах дүгнэлтэд тусгасан хоёр жилийн хорих ял харьцангуй, өчүүхэн шийтгэл байсаан.
Бид хэн нэгний мууг үзэх гэсэндээ биш олон хүнд сургамж анхаарал болоосой, ганцхан өөрийн амьдралыг биш бусдын амьдралыг ч хамгаалж анхаарал болгоомжтой явдаг хариуцлагатай жолооч байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж болсон бодит байдлыг дэлгэрэнгүй бичин үлдээж байна.
Эцэст нь хэлэхэд эрдэнэт хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж юу ч үгүй юм шүү!!!
Наадам, цагаан сар, шинэ жил хэмээх бидний амьдралд аз жаргалтай мөчүүдийг бэлэглэдэг, сэтгэл догдлон хүлээдэг баяр манай гэр бүлийн хувьд сайн ханийгаа, сайхан аавыгаа илүүтэйгээр санан бэтгэрэх, харамсан халаглах хоосон баяр болж хувиржээ гэсэн байна.  
 
Ө.Батзул агсан нь 1994 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумд төрж, бага наснаасаа үндэсний бөхөөр хичээллэхдээ үндэсний бөхөөр 2016 онд “Аймгийн харцага”, 2020 онд “Аймгийн арслан”, 2022 онд “Монгол Улсын начин” цол тус тус хүртсэн идэр залуу бөх байлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.