Угаасан мөнгөө унах жийп болгосон албан тушаалтныг 25 сая төгрөгөөр торгов

Угаасан мөнгөө унах жийп болгосон албан тушаалтныг 25 сая төгрөгөөр торгов

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газар (НҮГ)-ын ерөнхий нягтлан бодогч асан, өдгөө Улсын драмын эрдмийн театрын ерөнхий нягтлан бодогч болсон Х.Цогзолмаа, даргаар ажиллаж байгаад дараа нь нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрыг удирдах болсон Х.Эрдэнэбилэг нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцлээ.

Тэднийг албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан, мөнгө угаасан хэмээн Эрүүгийн хуулийн 22.1-2, 22.4-4, 18.6-2.3 дахь заалтын дагуу НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрөөсний эцэст ийнхүү шийдвэрлэж байна. НҮГ-ийн дарга асан Х.Эрдэнэбилэг, ерөнхий нягтлан бодогч Х.Цогзолмаа нар 2020 оны аравдугаар сард “Сачу актив инвест” ХХК-ийн удирдлагатай өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай байгаа бага үнийн дүнтэй, түргэн элэгдэх шинж чанартай бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулжээ. Гэвч тухайн бараа, ажил, үйлчилгээг нь бэлтгэн нийлүүлээгүй байхад 49.3 сая төгрөг шилжүүлсэн. Тухайн оны арваннэгдүгээр сард “Элэг нэгтэн” гэх компанитай нийслэлийн Засаг захиргааны байрууд, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбар болон “Баянхошуу”, “Сэлбэ” дэд төвийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэх бага үнийн дүнтэй, түргэн элэгдэх шинж чанартай цэвэрлэгээний материал нийлүүлэх гэрээ хийж, мөн л бараагаа нийлүүлээгүй байхад нь 49.5 сая төгрөг шилжүүлжээ.

Улмаар тухайн аж ахуйн нэгжүүдээсээ НӨАТ-ын 10 хувийг хасуулж, тус бүр нь 44 сая гаруй, нийт 98.8 сая төгрөгийг Х.Цогзолмаа танилынхаа ХААН банкны дансаар гаргуулан авсан гэдэг. Эдгээр үйлдлээс гадна Х.Эрдэнэбилэг өөрийн садан төрлийн хүний нэр дээрх “Хоча трейд” ХХК-д давуу байдал олгож, 2019, 2020 онд зоогийн газарт мах, махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, хуурай хэрэгсэл нийлүүлэх гэрээ байгуулж, нийт 197 сая төгрөг шилжүүлсэн хэмээн буруутгагдсан юм. Бас найзынхаа “Өнөр од жаргал” гэх компанитай цэвэрлэгээний хэрэгсэл нийлүүлэх гэрээг 2019-2021 онд байгуулж, төсөвт 149 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна.  Түүгээр ч зогсохгүй “Элэг нэгтэн”, “Сачу актив инвест” ХХК-иас авсан мөнгөнөөсөө садан төрлийн хүнийхээ нэр дээр “Мөнххада” ХХК-иас “Ланд круйзер-200” загварын автомашины урьдчилгаа төлбөрийг төлж, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдсон талаар бид мэдээлж байсан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалан нээлттэй хэлэлцсэн хурлаас Х.Эрдэнэбилэгийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэм буруутайд тооцов. Улмаар мөнгө угаасан үйлдэлд нь нэг жил зорчих эрх хязгаарлах, албан тушаалаа урвуулсан хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 25 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ. Х.Цогзолмааг албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож 15 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг дээрх хугацаагаар хассан юм. Х.Цогзолмаагийн АТГ-ын дансанд байршуулсан 34.5 сая, Х.Эрдэнэбилэгийн АТГ болон тус шүүхийн дансанд тушаасан 99 сая төгрөгийг улсын орлогод оруулахаар болжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.