Эдийн засгийн хүчирхийллээс болж эрүүл мэндээрээ хохирчээ

Эдийн засгийн хүчирхийллээс болж эрүүл мэндээрээ хохирчээ

Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн дөрвөн хэлбэрт хуваадаг. Бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл гэж ангилдаг.

Эдийн засгийн хүчирхийлэл гэж юу болохыг хүн бүр мэддэггүй. Итгэхэд бэрх боловч нийгмийн нэгж дэх дарангуйллын хамгийн түгээмэл хэлбэрүүдийн нэг юм. Тэгвэл манай редакцад эдийн засгийн хүчирхийлэлд өртөөд буй нэгэн эмэгтэй хандсан юм. Тэрээр нэрээ нууцлахыг хүссэн учир түүнийг иргэн А хэмээн нэрлэж байна. 

Ээжийнхээ ятгалгад орж гэр бүл болжээ

Иргэн А өдгөө 35 настай. Хоёр хүүхдийн ээж. Түүнийг 11 настай байхад аав нь хорвоогийн мөнх бусыг үзэж, ээж нь малчинтайгаа гэр бүл болсон учраас аавынхаа ах дүү дээр өсжээ. Энэ тухайгаа тэрээр “Аавын минь ах дүү намайг юугаар ч дутаалгүй өсгөсөн. Гэхдээ идэж уух, өмсөж зүүхээр дутаагүй ч ээж, аавын хайрыг маш их үгүйлдэг байсан. Тийм ч учраас ээж минь намайг 20 нас хүрэхэд хамтдаа амьдаръя гэхэд нь их сайхан санагдаж байлаа” гэсэн юм. 

Энэ цаг мөчөөс түүний эрх олон зүйл дээр зөрчигдөж эхэлсэн байна. Тодруулбал, гэр бүл болох хүнийг нь хойд аав, ээж хоёр нь сонгож, эцэст нь гэр бүл салалтад нь ч нөлөөлсөн байна. Энэ талаараа иргэн А “Би их зөөлөн хүн. Ээжээсээ хол удаан амьдарсан учир ээжийнхээ үгэнд орж сайн охин байхыг хичээсэн. Тэр ч утгаараа ээжийнхээ суу гэсэн хүнтэй суусан. Анхандаа би "хүнтэй суумааргүй байна" гэхэд “Энэ их сайн залуу. Чамд энэ шиг сайн хүн олдохгүй” гэх зэргээр ятгасаар гэр бүл болсон. Ингээд зургаан жил амьдарч, хоёр хүүхэдтэй болсон ч гэр бүлээ цуцлуулсан. Учир нь нөхрийнхөө гэр бүлээс гадуурх харилцаанаас болсон” гэсэн юм. 

Гэр бүл цуцалсны дараа өмч хөрөнгөө хувааж  иргэн А өөрийн ээж дээрээ бог болон бод малаа үлдээж, их сургуульд сурахаар хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хотыг зорьжээ. Гэвч ээж нь хоёр хүүхдийнх нь тэтгэмжийг өөрийн дансаар авч, малаас нь борлуулах гэхээр борлуулж өгдөггүй зэрэг үйлдэл гарах болжээ. Энэ тухайгаа иргэн А “Гэр бүлийн тухай хуульд зааснаар хоёр хүүхдэдээ тэтгэмж тогтоолгосон. Нийт 400 орчим мянган төгрөг сар бүр хүүхдүүдэд олгохоор шийдвэр гарсан. Гэвч тус тэтгэмжийг ээж маань өөрийн дансаар авч, бидэнд өгөхгүй байсан. Энэ үеэс л би ээж болон хойд ааваасаа санхүүгийн хувьд хамааралтай болж эхэлсэн” гэсэн юм. 

Эдийн засгийн хүчирхийлэл эрүүл мэндэд нь нөлөөлжээ

Иргэн А-ийн хууль ёсны асран хамгаалагч нь түүний ээж. Гэвч түүнд хэрэглээний мөнгө өгөхгүй байснаас үүдэж өвдөх болжээ. Энэ тухайгаа тэрээр “Миний захиран зарцуулж болох хөрөнгө мөнгө ээжид минь бий. Тэр ч утгаараа сургуулиа төгсөх хүртлээ хэрэглээний болон хувцас авах мөнгийг ээжээс авах гэдэг байсан. Гэвч надад мөнгө өгдөггүй. Үүнээс үүдэж нимгэн нойтон хувцастай явсаар бөөр өвдөж улмаар бөөрний дутагдал гэсэн онош сонсож, санхүүгийн хувьд бүрэн хараат болсон” гэсэн юм. 

Иргэн А-гийн хувьд 2020 онд их сургуулиа төгсөж, мэргэжлээрээ ажиллажээ. Гэвч ээж нь түүнийг ажил хийхийг нь санаатайгаар болиулсан байна. Энэ талаараа “Би сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж, хоёр хүүхэдтэйгээ байр түрээсэлж амьдарсан. Ажилтай байх хооронд ээж гэрт ирж хоёр хүүхдийг минь авч явсан. Охиныг минь аавд нь өгч, хүүг минь өөр дээрээ авсан. Надтай уулзуулахгүй байсан. Тэр үеэс сэтгэл санаа минь тогтворгүй болж, хүүхдүүдтэйгээ уулзмаар байна гэж өдөр бүр ярьж, мессеж бичсээр жилийн дараа уулзсан. Хүүхдүүдээ харж чадахгүй байгаа учраас чамд хүүхдүүдийг чинь өгөхгүй гэсэн. Ингээд би ажлаасаа гарч, ээжийн түрээсэлж өгсөн байранд хүүхдүүдийн хамт амьдарсан. Ер нь намайг ажил хийлгэх маш дургүй. Найз нөхөдтэй ч байлгах дургүй. Хамт байхад үргэлж хийж буй үйлдэл, хэнтэй утсаар ярьж байна зэргийг тагнадаг. Тэр ч бүү хэл цахим хаяг дээрээ юу нийтэлсэн байна гэдгийг хуурамч хаягаар хянадаг. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь хаягийг блоклохоор өөр хаягаар хянадаг” гэсэн юм. 

Нөхрөөсөө авах ёстой 18 сая төгрөгөө авч эмчилгээнд явмаар байвч, ээж "битгий өг" гэж хэлсэн 

Гэр бүлээ цуцлуулаад багагүй хугацаа өнгөрч байгаа ч иргэн А өмч хөрөнгийн маргаантай асуудлаар нөхрөө шүүхэд өгсөн байна. Учир нь тэд салахдаа хуваасан өмчийг ээж нь нөхөрт нь өгсөн байжээ.

Гэтэл шүүх түүнд 18 сая төгрөг олгохыг нөхрөөс нь шаардсан байна. Харин иргэн А-ийн төрсөн ээж нь нөхөртэй нь холбогдож “Наадах чинь одоо найдваргүй. Мөнгө төгрөг өгч хэрэггүй” гэсэн байна. Үүнээс үүдэж тэрээр Хөх хот руу эмчилгээнд явахаар төлөвлөсөн ч явж чадахгүй байгаа аж.

Эхийн санаа үрд гэдэг. Гэтэл үрээ эмнэлгийн орон дээр өвдөж хэвтэхэд ээж нь тоохгүй байгаа тухай учирлаж байлаа. Энэ тухайгаа “Ээж минь намайг ухаан санаа нь муудсан, найдваргүй гэх зэргээр хүмүүст ярьдаг. Уг нь би чинь энэ хүний ганц охин шүү дээ. Гэтэл надад өнөөдөр нэг ч төгрөг өгдөггүй” гэсэн юм. 

Мөн түүний ээж, хойд аав хоёр дундаасаа нэг хүүхэдтэй болсон ч иргэн А-ийн аавын овгоор овоглож тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байсан гэнэ. Энэ талаар “Би 11 настай аавыгаа алдсан. Гэвч нэг ч удаа тэжээгчээ алдсаны тэтгэмжээ авч үзээгүй. Гэтэл хойд аав, ээж хоёрын дундаас нэг хүү төрсөн. Тэр хүү нь ааваар минь овоглож тэтгэмж хүртэл авч байсан. Ийм л муухай хүмүүс” гэсэн юм. 

Эдийн засгийн хүчирхийлэл бол хүнийг чимээгүй хүчирхийлж байдаг ажээ. Бие махбодын болон бусад хүчирхийлэл бол хүний нүдэнд харагдахуйц гэмтэл учруулдаг. Хууль, шүүхээр явж шийдүүлэх боломжтой байдаг. Харин санхүүгийн хүчирхийлэл бол хүний нүдэнд харагдахгүй хэр нь бага багаар өөрийн эрхшээлдээ оруулдаг аж. Түүнчлэн зөвхөн санхүү талаасаа хохиролтой бус сэтгэл санаа, бие махбодын хувьд ч гэмтэл учруулж байдаг хамгийн хортой хүчирхийллийн төрөл юм. 

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 220 (7717)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.