Төрд барилга худалдаж авах тендер авлигын хэрэг өдүүлсэн нь
“Төрөөс төрсөн тэрбумтан” гэх холбоо үг сүүлийн жилүүдэд олны дунд ихэд түгээд байгаа. Өөрөөр хэлбэл, төрд бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой тендерийг нийтийн албан тушаалтнууд буюу яам, тамгын газрын эрх мэдэлтнүүд мэдээлэлд ойр байдлаа далимдуулан танил талдаа өгч, хариуд нь их хэмжээний мөнгө халаасалдаг, өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр эд хөрөнгөтэй болдог явдал нэлээд гарч буй. Үүнээс улбаалж дээрх үг түгэн дэлгэрэх болсон билээ.
Ийм нэг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байгаа юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-ны эрх бүхий албан тушаалтан холбогдсон уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6-1 дэх хэсгийн “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авахуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт нь хавсаргана”, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.1-10 дахь хэсгийн “Нутгийн захиргааны байгууллага, хариуцсан нутаг дэвсгэр, чиг үүрэгт хамаарах хуулийн этгээд, түүний албан тушаалтанд гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл болон түүнийг арилгах тодорхой арга хэмжээний талаар мэдэгдэл, зөвлөмж хүргүүлэх” гэсэн заалтыг үндэслэн АТГ-ын мөрдөгч мэдэгдэл бичсэн аж. Улмаар ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад нь хүргүүлжээ. Мөрдөгчийн мэдэгдлийн дагуу тус яамныхан ч авлигын эсрэг үйл ажиллагаа өрнүүлж буй гэнэ.
Хахуулийн хэрэгт холбогдсон түшмэд хэн байв
Хуучнаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам буюу өнөөгийн ГБХНХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Л.Батсайхан болон албан тушаалтан Э.Баасандорж, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн эрх бүхий хүн болох Г.Атармаа нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-1, 22.4-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн юм.

Тэдэнд хахууль өгсөн Б.Дашдорж, “Өндөрбаганат” ХХК-ийн захирал Д.Буянжаргал, түүнтэй хамаарал бүхий хүн болох Ц.Б нарт мөн хуулийн 22.5-1-ийн “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон” 22.5-3-ын “Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх заалтыг үндэслэн яллагдагчаар татаад буй юм билээ.
2024 оны улсын төсөв хэлэлцэх үед ГБХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын төсөвт Баянзүрх дүүрэгт Хөдөлмөр, халамж үйлчилгээний болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт барилга худалдаж авахад зориулж найман тэрбум 40 сая 900 мянган төгрөг тусгажээ
Үүний дагуу тус яамны захиалгаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас мөн оны гуравдугаар сарын 25-нд тендер зарлаж, дөрөвдүгээр сарын 24-нд дүгнэхэд иргэн Б.Дашдорж шалгаран барилгаа төрд худалдсан аж. Энэ тендерийг зарлах үед Л.Батсайхан ГБХНХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд худалдан авах барилгын техникийн үзүүлэлт, ажлын даалгаврыг нь хянажээ. Улмаар тендерийг шалгаруулах комиссынхонд нөлөөлөн иргэн Б.Дашдоржийн барилгыг худалдан авсан хэмээн буруутгагдсан. Ингэж нөлөөлөн санхүүжилт олгуулсныхаа хариуд Л.Батсайхан хахууль авсан хэрэгт холбогдоод буй.
ХХҮЕГ-ын байрыг засах тендерт шалгарахын тулд “Өндөрбаганат”-ынхан хахууль өгөв
Хан-Уул дүүргийн нутагт байрлах ХХҮЕГ-ын барилгад 2024 оны хавар засвар хийжээ. Үүний тулд ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, даргаар нь мөнөөх Л.Батсайханыг томилсон аж. Энэ үедээ “Өндөрбаганат” ХХК-ийг шалгаруулахаар захирал Д.Буянжаргал, түүнтэй хамаарал бүхий хүн болох Ц.Б нартай тохиролцож, 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Эл хэрэгт хоблогдсон хүмүүсийн гэм буруутай, эсэхийг дэнслэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чингис хянаж буй бөгөөд аравдугаар сарын 20-нд яллагдагч нарын өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн хурал хийхээр товлосон. Гэвч оролцогч буюу нэг өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгаанаар уг хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан аж. Шүүгч хүсэлтийг нь хүлээн авч хойшлуулах захирамж гаргаснаас хойш дахин товлоогүй байна.

ГБХНХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга асан Л.Батсайхан нарт холбогдох хэрэг гарсан шалтгааныг төсөв батлахдаа ажлын зураг, төсвийг урьдчилж батлуулдаггүй, зах зээлийн бодит үнэлгээг аваагүй, төсвийн хөрөнгийн зарцуулалтад холбогдох албан тушаалтнууд нь хяналт тавьдаггүй нь авлигын эрсдэл үүсгэсэн хэмээн хууль сахиулагчид дүгнэжээ. Тиймээс аливаа тендерийг шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1-ийн “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсний дагуу аливаа барилга, байгууламж худалдан авахаар төлөвлөхдөө судалгаа хийх, ажлын хэсэг байгуулж хамтын шийдвэр гаргахыг дээрх яамны удирдах албан тушаалтнуудад сануулсан байна.
Уг мэдэгдлийн мөрөөр багагүй ажил хийж хэрэгжүүлснээ ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул танилцуулжээ. Үүндээ 2025 оны улсын төсвийн тухай хуулийн дагуу ГБХНХ-ын сайдын багцад тусгасан “Өнөр бүл-хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамжийн газар”, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвийн үйлдвэрийн барилгын их засвар, яамны Е байрны ес, аравдугаар давхрын засвар зэргийн тендерийг хуульд заасны дагуу шалгаруулснаа мэдэгдээд, зураг, төслийг батлуулаагүй, техник, эдийн засгийн үнэлгээ хийлгээгүй ажил, арга хэмжээ байхгүй гэдгээ илэрхийлсэн байв. Мөн авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр АТГ-тай хамтран ажиллаж буйгаа ч дурджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.