🔴З.Батбаяр: Улаанбаатар хотод нэг худгийг тойроод 40 жорлон байна

AI хөрвүүлсэн

Дэлхийн жорлонгийн өдрийг угтан Монголын жорлонгийн холбоо, Усны газраас “Нүхэн жорлонгоосоо салцгаая” сэдвээр мэдээлэл хийлээ.

Монголын жорлонгийн холбооны тэргүүн, доктор Д.Басандорж:

-Монгол Улс 2020 онд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталж, 2030 он гэхэд ариун цэврийн байгууламж, нүхэн жорлонгийн асуудлыг 90 хувьтай шийдэх зорилт тавьсан. Монголчуудын 40 хувь нь орон сууцад, 60 хувь нь гэр хороололд амьдарч байна. Гэр хороололд амьдарч буй 60 хувь нь нүхэн жорлонтой л гэсэн үг. Гурван сая гаруй монголчууд өдөрт 5.25 сая тонн шингэн, 1.4 сая тонн өтгөн хаягдал гаргадаг. Эдгээр хаягдал хөрс, усанд шууд хаягдаж байгаа нь хөрс, усны бохирдлын эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Усны газраас хийсэн судалгаагаар, нянгийн бохирдол өндөр байгаа бөгөөд 3-6 метр гүнд, 10-15 метр радиуст асар их хэмжээний бохирдол тархсан байна. Улаанбаатар хотын гэр хороолол жорлон авах газаргүй болтлоо нягтаршсан.

Энэ жил Дэлхийн жорлонгийн өдрийг угтан сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийн байдалд үнэлгээ өгч, Засгийн газраас 100 гаруй тэрбум төгрөгөөр энэ асуудлыг шийдвэрлэсэн. Энэ ажил 73 хувьтай явж байна.

Жорлонгийн хувьсгалыг зөвхөн Монголд бус, Америк, Герман зэрэг хөгжилтэй орнууд ч хийж байна. Учир нь 100гр шээс, 200гр өтгөнийг 10 литр ундны усаар татах нь цэвэр усны нөөцөд сөргөөр нөлөөлдөг. Иймд жорлонгийн асуудлыг байгальд ээлтэй, хүнд аюулгүй, ус бага хэрэглэдэг технологиор шийдвэрлэх шаардлагатай. 

Энэ удаагийн Дэлхийн жорлонгийн өдөр "Өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнц дэх ариун цэврийн байгууламж" сэдвийн дор явагдаж байна. Би олон улсын хуралд илтгэл тавьж, Монголын нөхцөл байдлыг танилцуулж, донор орнуудын хандивыг авах замаар асуудлыг шийдвэрлэх гарц хайх зорилготой ажиллаж байна.

Нүхэн жорлонгийн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин тодорхойгүй байгаа тул УИХ-д өргөдөл, хүсэлт оруулсан. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр дэмжиж ажиллахыг хүсэж байна. Жорлонгийн асуудлыг шийдвэрлээгүйн улмаас жилд 325 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна.

Монголд нутагшсан 1-5 төрлийн нүхэн жорлонг шинэчлэх технологийн шийдлүүдийг ТББ-уудаас гаргасан. Эдгээр шийдэл нь хямд, Монголын цаг уурт зохицсон, үнэргүй, эко байх юм гэв.

Усны газрын дарга З.Батбаяр:

-Усны бохирдлын асуудал нь тулгамдсан асуудал болоод байна. Энэ оны 3, 5, 6, 11 дүгээр сард Туул голын зургаан гүүрний доороос авсан дээжээс гэдэсний савханцар илэрсэн. 2024 оны 8 дугаар сард Туул голын дунд усанд орохыг хориглосон. Мөн Сонгинын гүүрний доод тал, Арслантай гүүрний доод талаас авсан дээжид ижилхэн бохирдол илэрсэн. Сонгины гүүрэн дээрх бохирдол нь Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохир уснаас үүдэлтэй. 

Улаанбаатар хотод 680 мянган нүхэн жорлон байгаа нь 60 метр тутамд нэг жорлон байна гэсэн үг. Бүрэн бус мэдээгээр 18 мянган худаг байгаа бөгөөд нэг худгийг тойроод 40 жорлон байна. Улаан бурхан өвчин дахин дэгдэж, эмнэлэгт багтахгүй байгаа нь голын бохирдолтой шууд холбоотой. 75-аас дээш насны хүмүүсийн 75 хувь нь жорлон руу явж байх замдаа гэмтсэн байна.

Жорлонгийн асуудлыг шийдэж чадвал иргэд ханиад бага тусах бөгөөд эрүүл мэндийн зардал буурна. Хүний эрх гэдэг нь устай байх эрхээр хангагдаж байгаа эсэхээс эхэлнэ. Суурин амьдрал бол жорлонгоос эхэлдэг. Бидэнд жорлонгийн соёл байхгүй. Ромын эзэнт гүрэн жорлонгоос болж мөхсөн. Улаанбаатар хот жорлонгоос болж хүн амьдрах боломжгүй болж байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.