Б.Дашпүрэв: Шатахууны импорт тасралтгүй үргэлжилж байна
Шатахууны нөөцийн асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв цаг үеийн мэдээлэл хийлээ.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв:
-Шатахууны импорт тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө Сүхбаатар боомтоор 23 вагон А92 автобензин, долоон вагон А95 бензин, арван вагон дизель түлш орж ирсэн.
Улсын хэмжээнд А92 бензиний сарын хэрэглээ 60-65 мянган тонн байдаг бол энэ сарын 17-ны байдлаар 45 мянган тонн орж ирсэн нь хэрэглээнээсээ бага зэрэг илүү хэмжээтэй байна. Агуулахаас ШТС-д хүргэлт хийгддэг бөгөөд ихэнх агуулах бүтэн сайн өдөр амардаг. Хагас сайн өдөр ачсан ачилтууд даваа гараг хүртэл хүлээгддэг. Замын хөдөлгөөний дүрэм журмын дагуу аюултай ачааг өдрийн цагаар тээвэрлэдэг тул агуулахаас ачигдсан ачилтууд орой 21:00 цагаас хойш гарч байна.
А92 бензиний үнэ нэмэгдэхгүй. ОХУ-ын "Роснефть" компаниас хөнгөлөлттэй үнээр авч байгаа А92 бензиний үнэ огт нэмэгдэхгүй.
Шатахууны импорт тасралтгүй явагдаж байгаа бөгөөд ямар нэгэн доголдол үүсэх бодит нөхцөл байхгүй. Нөөц, эх үүсвэрээ нэмэгдүүлэх, татвар авалт, тээвэрлэлтийг шуурхайлах замаар нөөцийг өсгөх боломжтой. Зохиомол хомстол үүсгэхээс зайлсхийх хэрэгтэй.
Монгол Улс тогтвортой байдлыг хангахын тулд Нефть боловсруулах үйлдвэрийг маш богино хугацаанд барьж байгуулах ёстой. 2028 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар зорьж байна. Мөн савны багтаамжийг нэмэгдүүлэх, шинээр агуулах барих, агуулах дотроо сав барихад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар төсөвт багтаан, асуудлыг шийдвэрлэсэн. Түүнчлэн, БНХАУ-аас бүтээгдэхүүнээ тогтмол авах гэрээ хэлэлцээрүүдийг хийгээд явж байна.
Энгийн үед ч гэсэн байрлалаасаа хамаараад зарим ШТС дээр арван машин оочирлож л байдаг. Иргэд жоохон уужуу хандах хэрэгтэй байна. Үнэ тогтвортой, нөөц хангалттай байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.