ДЭМБ: Электрон тамхи эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг
Ирэх долоо хоногт Женев хотод болох ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн Оролцогч Талуудын 11 дүгээр бага хурал болохтой холбоотойгоор 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Тамхины хяналт ба Хор хөнөөлийг бууруулах талаарх ДЭМБ-ын байр суурь буюу "WHO Position on Tobacco Control and Harm Reduction" нийтлэгджээ.
Энэхүү нийтлэл мэдэгдэлд, тамхи, никотины бүтээгдэхүүний компаниуд электрон тамхи, никотины уут зэрэг хортой бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлахдаа хор хөнөөлийг бууруулах үзэл баримтлалыг буруугаар ашиглаж байгааг ДЭМБ анхааруулж байна.
Тамхи үйлдвэрлэгч компаниуд эдгээр бүтээгдэхүүнийг тамхинаас өөр “эрсдэл багатай” бүтээгдэхүүн хэмээн сурталчилж, бодит аюулын талаар хэрэглэгчид болон эрх баригчдыг төөрөгдүүлдэг.
Электрон тамхи, халаадаг тамхин бүтээгдэхүүн болон никотины уут нь хэрэглэгчдийг хорт хавдар үүсгэгч, мутац үүсгэгч, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй химийн бодисуудад хордуулж, никотины донтолтод хүргэснээр эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг гэдгийг ДЭМБ дахин мэдэгдэж байна. Эдгээр бүтээгдэхүүнийг хүүхэд, залуучуудын сэтгэл татам амт, дүрслэл ашиглан эрчимтэй худалдаалж байгаа нь хүүхэд, өсвөр үеийнхний хэрэглээг өдөөж хэт ихэсгэж, дэлхийн тамхины хяналтын хүчин чармайлтыг сулруулж байна.
Энэхүү мэдэгдэлд нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардагдах хамгийн бага зохицуулалтын талаарх зөвлөмж тусгасан. Үүнд:
- Тамхи, никотины бүтээгдэхүүнийг сурталчлах, дэмжих, ивээн тэтгэх бүх хэлбэрийг хориглох;
- Ялангуяа хүүхэд, залуучуудын сонирхлыг татах амтыг хориглох;
- Уламжлалт тамхин бүтээгдэхүүнд ноогдуулдагтай адил татвар, үнийн арга хэмжээ авах;
- Алсын зайнаас тэр дундаа дижитал сувгуудаар дамжуулан хортой бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглох;
- Нийгмийн эрүүл мэндийн бодлогыг тамхи, никотины үйлдвэрлэлийн арилжааны болон бусад ашиг сонирхлоос хамгаалах зэрэг болно.
Зургийн цомог
×
1 / 5
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.