🔴Ардчилсан нам: "Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй“ гэх хуулийн төсөл санаачилна

AI хөрвүүлсэн

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл өгөв. Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл: 

- Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хуулийн төслийн танилцуулга хийгдсэн. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцуулга мэдээллийг сонслоо. Хоёрдугаарт “Нээлттэй, цэгцтэй” Ардчилсан нам хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа Ардчилсан намын үндсэн дүрэм, журмын шинэчлэл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо. Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гурван хуулийн төсөлд ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг тус тус хэлэлцсэн. 

УИХ-ын дарга нэг намын дарга байж болохгүй. УИХ гэдэг чинь өөрөө зөвшилцөл, ойлголцлын танхим энд аль нэг намын эрх ашгийг эрхэмлэж байгаа нь намын дарга суух нь өөрөө энэ парламентат ёсны бэхжилтэд зохисгүй асуудал. Тийм учраас "Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй“ гэх хуулийн төсөл санаачилж, өргөн мэдүүлнэ. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Сүүлийн сар гарангийн хугацаанд Монгол Улсад өрнөсөн үйл явцыг бүгдээрээ анзаарсан байх. Энэ үйл явцад дотор татагдаж ороогүй бараг төрийн байгууллага байхгүй. Намуудын талцал хуваагдал улс төрийн өрсөлдөөн эрүүл өрсөлдөөн гэхээсээ илүүтэйгээр албан тушаалын зодоон шахам болж хувирсан. Энэ хувирал дотор хамгийн их хохирол амсаж байгаа институц бол парламент, УИХ байсан. Парламент гэдэг чинь олонх цөөнөөрөө хоорондоо мэтгэлцэж, маргаж, бодол, үзэл бодол, бодлогоо ур уралдуулж, бас ойлголцож энэ улс орныг авч явдаг гэдэг гол суурь тогтолцоо. Улсын бүрэн эрхт байдал нь УИХ буюу парламентад л илэрхийлдэг. Тийм учраас УИХ-ыг нэг намын хурал болгохгүй. Нэг намын даргын бүжиг эргэдэг  талбар болгохгүйн тулд дэлхий нийтээрээ нэг олж авсан туршлага бол ерөөсөө парламентын спикер бол намаасаа түдгэлздэг. Харин төв ч голч байр суурь дээрээс парламентын эрүүл мэтгэлцээн дотоод ардчиллыг хөгжүүлж байдаг гол институц гол албан тушаалтан юм. Тэгэхээр Монгол Улс ч гэсэн энэ УИХ-ын дархлаа, улс орны бүрэн эрхт байдлыг илэрхийлж байдаг мөн чанарыг гээхгүйн тулд энэ намын дарга парламентын толгой дээр гарч сууж болохгүй. Харин энэ намуудыг эрүүл мэтгэлцээнийг өрнүүлж байдаг төвийг сахигч улс төрч нь арай нэг ноён нуруутай, зангаргатай хэсэг нь энэ парламентын дарга байх ёстой. Олон улсын туршлагаар явах ёстой юм байна. Тийм учраас парламентын спикер буюу УИХ-ын даргыг энэ давхар ажил эрхлэлт эрхлэлттэй холбоотой хязгаарлалтыг  тодорхой тавьж өгөх ёстой. Парламентын спикер дотроо ямар нэгэн албан тушаал хавсарч болохгүй, намаасаа түдгэлздэг байх ёстой юм байна гэдэг энэ зарчмын дагуу хууль өргөн барья гэж санаачилга гаргаж байгаа. Тэгээд энэ хүрээнд бүлэгтээ танилцуулаад бүлгээс дэмжлэг авч байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.