🔴 Э.Бат-Амгалан: 31 дүгээр их хурлын 1,974 гишүүний буюу 94.9 хувийн саналаар Н.Учрал МАН-ын даргаар сонгогдлоо

AI хөрвүүлсэн

МАН-ын 31 дүгээр их хурлаас шинэ даргаа сонголоо. Санал хураалтын үр дүнгийн талаар хуралдаан даргалагч Ж.Батжаргал мэдээлэл өглөө.

Ж.Батжаргал: "Хөгжил дэвшлийн баталгаа Монгол" уриатай МАН-ын 31 дэх их хурал амжилттай зохион байгуулагдаж байна. 300 гаруй мянган гишүүдээ төлөөлсөн 2255 төлөөлөгч бүхий энэхүү хурал эв нэгдэл, шийдэл, хөгжлийн төлөө ажиллаж байна. Их хурлын үйл ажиллагаа ажил хэрэгч, зохион байгуулалт өндөртэй, олон нийтэд нээлттэй явагдаж байна.

Өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга "Уламжлал, шинэчлэл, хөгжилд хөтөлсөн МАН" илтгэл тавьсан. Мөн Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар их хурлын хоорондох хяналтын хорооны тайлангаа тавьж, гишүүд нухацтай ярилцаж, өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Энэхүү өргөн бүрэлдэхүүнтэй хурлаар дамжуулан орон нутгийн намын байгууллагууд, намын гишүүдийн санал бодлыг сонсох зорилгоор зохион байгуулалтад ихээхэн анхаарал хандуулж байна. Өчигдөр намын хөтөлбөр, үндсэн дүрмийн шинэчлэлийн асуудлаар салбар хуралдаануудыг зохион байгуулсан.

МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралын нэрийг намын даргад дэвшүүлсэн. Мөн Б.Лхагважав нэр дэвшиж өрсөлдсөн. Намын даргын сонгууль амжилттай болж, дүн нь сая гарлаа.

Тооллогын комиссын дарга Э.Бат-Амгалан: Монгол Улсын улс төрийн ууган хүчин, 104 жилийн түүхтэй МАН түүхэндээ анх удаа хамгийн олон төлөөлөгчтэй их хурлаа амжилттай хийж эхний өдрөө өндөрлүүлж байна. Нийт 2255 төлөөлөгч оролцсоноос 2086 саналын хуудас машинд уншигдаж, 2079 нь хүчинтэй, 7 нь хүчингүй байсан. Н.Учрал 94.95%-ийн саналаар МАН-ын даргаар сонгогдлоо.

Сүүлийн 1-2 сарын хугацаанд иргэд, гишүүд, дэмжигчдийн дунд янз бүрийн асуудлууд яригдаж байсан ч, өнөөдөр эвлэх цагтаа эвлэлдэж, бие биеэ дэмжиж, ойлголцож, шударга ёс, эв нэгдлийн төлөө нэгдэж чаддаг нам гэдгээ харууллаа. Тооллогын үр дүн, 31 дүгээр их хурлын үр дүн үүнийг харуулж байгаа нь сайшаалтай байна.

МАН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг маргаашийн хуралдаанаар үргэлжилнэ. МАН тогтвортой засаг төр, бодлогын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байгаа.

Сүүлийн үед МАН дотроо хагаралтай байна гэсэн мэдээлэл нийгэмд тархаад байгаа. Тодорхой түвшинд, тодорхой асуудлууд дээр байр суурийн зөрүү байсан. Гэхдээ бид асуудлаа олон талаас нь ярилцаж, намын үнэт зүйл, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн баталгаа болж яваа улс төрийн хүчний хувьд өөрийнхөө үнэт зүйл дээр тулгуурлан, ард түмний өгсөн итгэл, үүрэг даалгаврыг хамтдаа ханган хэрэгжүүлэх ачаагаа үүрэх учиртай. Тийм учраас нам эв нэгдлээ хангаж, өмнөө тавигдсан зорилт, үүрэг хариуцлагуудаа бүрэн хангаж, дараагийн улс төрийн том сорилтууд руу орох ёстой гэсэн байр суурьтай байна.

Энэ эв нэгдлээр дамжиж хууль бус үйл ажиллагаа, булхайтай зүйлс ард нь нуугдах ёсгүй. Монголын төр, төрийн байгууллагууд хууль дээдлэх зарчимдаа захирагдаж ажиллах ёстой. Хуулийн хүрээнд төрийн бүх үйл ажиллагаа явагдаж, хууль зөрчсөн бол хариуцлага хүлээдэг байх ёстой. Энэ бол шударга ёсны зарчим.

Намын дүрмийн нэмэлт өөрчлөлт, хөтөлбөрийн өөрчлөлтүүд өчигдөр хоёр салбар хуралдаанаар өргөн хүрээнд яригдсан. 2255 төлөөлөгчийн 50 гаруй хувь нь эдгээр хуралдаанд оролцсон тул төлөөлөгчид мэдээлэлтэй байгаа. Дүрмийн өөрчлөлтийн асуудлаар маргааш тусгайлсан хэлэлцүүлэг зохион байгуулж, үр дүнг хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргэх болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.