🔴Г.Дамдинням: Намын дарга eрөнхий сайд байж болно гэх заалтыг маргааш хэлэлцэнэ
МАН-ын 31 дэх Их хурлын эхний өдрийн хуралдаан өндөрлөлөө. Дөнгөж сая намын даргыг сонгох санал хураалт дуусч 31 дүгээр их хурлын 1,974 гишүүний буюу 94.9 хувийн саналаар Н.Учрал МАН-ын даргаар сонгогдлоо.
МАН-ын 31 дүгээр Их хурлын төлөөлөгч Г.Дамдинням:
-Энэ удаагийн хурал дотроо хоёр хагарсан гэгдэх намын хувьд эв нэгдлээ харуулах, үл ойлголцолтоо цэг тавих болов уу гэж харж байна. МАН-ын 104 жилийн түүхэнд 31 дэх Их хурал анх удаа ийм том бүрэлдэхүүнтэй хуралдаж байгаагаараа онцлогтой. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлд дүгнэлт өгөх, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсох, зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэж байна.
Хагарал бутрал гэхээсээ илүүтэй зарчмын зөрүүтэй байсан байр сууриа нэгтгэж, эв найрамдлыг эрхэмлэн, урагшаа харж, шинэ хөгжил дэвшил рүүгээ хандах байр суурийг илэрхийлсэн хурал болж байна. МАН-ын даргад нэр дэвшигчид ирэх жилүүдэд баримтлах бодлогоо танилцуулсан том хэмжээний илтгэлүүдийг тавьсан.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд У.Хүрэлсүхийн тавьсан илтгэлийн гол санаа нь Ардын нам ард түмэндээ эргэн ирэх ёстой гэсэн зарчмын байр суурь байсан. Энэ үзэл санааг их талархалтай хүлээж авч байна. Намын журмын нөхөддөө энэ үзэл санаагаа танилцуулж, хөгжил дэвшлийнхээ нэгдсэн бодлогоо танилцуулаад, ард иргэдтэйгээ ойрхон байж, эв найраа эрхэмлэж, улс орныхоо хөгжил дэвшлийг бодохыг захимаар байна.
Намын дарга нь Ерөнхий сайд байна гэдэг олон заалтыг ярьж байгаа ч одоогоор төсөлд байхгүй байна. Төслөөрөө явбал дээр болов уу гэж бодож байна. Дүрэм хэлэлцэж амжаагүй байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Нам гэдэг чинь амьд организм, 300 гаруй мянган гишүүдтэй. Болохгүй байгаа асуудлуудаа ярилцаж байгаад шийддэг нь ардчиллын зарчим. Дотооддоо байгаа асуудлаа ил гаргаж, ярьж, шүүж, тунгааж, зөв бодлогоо гаргаж чадахгүй бол ямар юмны ардчилал байх билээ. Энэ бол МАН ардчилалтай байгаагийн л илрэл.
Намын дарга Ерөнхий сайд байна гэдэг хатуу заалт байхгүй байх. Төслийг нь хараагүй байна. Миний ойлгосноор бол төсөл дээр нь байхгүй байгаа гэж ойлгосон.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.