🔴Н.Учрал: Ард түмний итгэлийг олж авахаас ажлаа эхэлнэ
МАН-ын даргад нэр дэвшигч Н.Учрал хэрэв намын их хурлын төлөөлөгчид итгэл хүлээлгэж, даргаар сонговол "E4" стратегийг хэрэгжүүлж, ард түмний итгэлийг эргүүлэн олж авахын төлөө ажиллахаа мэдэгдлээ.
Тэрээр гишүүн төвтэй, хариуцлагатай, ил тод нам байгуулахын чухлыг онцолж, улс төрийн намын хуулийг чанд мөрдөж, дүрмээ бүрэн нийцүүлэхээ илэрхийлэв.
Н.Учрал даргын албанд томилогдсоны дараа намын гишүүдээс санал сонсож, орон нутгийн болон анхан шатны байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллахаа онцолсон. Тэрээр анхан шатны байгууллагын гишүүдийг ард түмний төлөөлөл хэмээн үзэж, тэдний шүүмжлэлийг анхааралтай сонсох болно гэдгээ мэдэгдэв.
"Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой монгол хүнийг бүтээнэ" гэсэн намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг мартаж болохгүйг анхааруулж, гишүүд болон ард түмний саналыг сонсож, итгэлийг эргүүлэн олж авахын төлөө хариуцлагатай ажиллахаа амлав
Түүнчлэн намын эрх мэдэлтэй хүмүүс хагарал үүсгэхээс сэргийлж, анхан шатны байгууллагын гишүүд, дэмжигчдэдээ түшиглэн ажиллахаа мэдэгдсэн. Ахмад, дунд, залуу үеийн төлөөллийн оролцоог тэгш хангаж, намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын чадавхыг сайжруулахаа онцоллоо.
Н.Учрал намын ажил, амьдралын туршлага муутай хүмүүст улс төрийн дэмжлэг үзүүлснээс болж намын нэр хүнд унаж, авлига, ашиг сонирхлын хэрэгт холбогдож байгааг шүүмжилж, цөөн хүний асуудлаас болж 300 гаруй мянган гишүүдийн нэр хүнд унаж байгааг анхааруулав.
Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийх баг байгуулж, хэрэгжилт хангалтгүй байгаа тохиолдолд Засгийн газрын гишүүд болон төрийн захиргааны төв байгууллагуудад хариуцлага тооцох болно гэдгийг мэдэгдсэн. Гишүүдийн идэвх, оролцоог оноогоор хэмжиж, ёс зүйн кодтой болгох ёстой гэж үзэж байна.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.