Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын барилгын ажил 89.39 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатар хотод хүн тээвэр болон транзит, нүүрс, эрчим хүч зэрэг дөрвөн төрлийн тээврээс бусад аюултай болон импортын ачаа барааг нэвтрүүлэхгүйгээр Хөшигийн хөндий, Оргоч уул дахь терминалаас түгээх дэд бүтцийг бий болгохоор Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд гуравдугаар зэрэглэлийн төмөр замыг барих бөгөөд нийт 102.5 км урт, 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай юм.
Төслийн барилга угсралтын ажлыг хоёр үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөсөн билээ. Нэгдүгээр үе шатанд УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл 87.85 км, хоёрдугаар шатанд 14.65 км төмөр замын бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн.
Нэгдүгээр үе шат буюу УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэлх төмөр замын дээд, доод бүтцийн барилга угсралтыг ажил төлөвлөгөөний дагуу 89.39 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тодруулбал, ухмал байгуулах ажил 94.96 хувь, далан байгуулах ажил 96.34 хувьтай байгаа аж. Түүнчлэн төслийн хүрээнд 652 метр урт дам нуруут гүүрийг барих бөгөөд дам нуруу болон ригелийн ажил бүрэн дууссан. Гүүрийн барилга угсралтын ажил 91.6 хувьтай үргэлжилж байна.
Төслийн барилга угсралтын ажлыг ирэх оны дөрөвдүгээр улиралд багтаан бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Нийслэлд төмөр зам, авто зам огтлолцдог 14 гарам байгаа бөгөөд нэг галт тэрэг өнгөрөхөд дунджаар 4 минутын турш авто замын хөдөлгөөн хаагддаг. Үүнийг хоногоор тооцвол нийт 144 минут буюу хоёр цаг гаруй хугацаанд авто замын урсгал зогсдог тооцоолол бий. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Улаанбаатар, Толгойт, Амгалан өртөөдөд жилдээ дунджаар 190 мянган вагон, 50 мянган чингэлэг дотоодын болон импортын ачаа бууж, нийслэлийн төвийн 10 терминалд 300 гаруй салаа замаар дамжин түгээгддэг.
Эдгээр ачааны урсгал бүгд хотын төвөөр дамжин өнгөрч буй нь дэд бүтцийн ачааллыг нэмэгдүүлж, авто замын хөдөлгөөний саатлыг улам хүндрүүлж байгаа юм. Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл хэрэгжсэнээр аюултай ачааны хөдөлгөөнийг төвөөс гаргаж, дагуул хотуудын хөгжил, бүс нутгийн эдийн засгийн идэвхжилийг дэмжих замаар хотын замын хөдөлгөөний дундаж хурдыг 4 хувиар нэмэгдүүлэх урьдчилсан тооцоолол гарсан.
Дашрамд дурдахад, төслийн барилга угсралтын шатанд үндэсний компаниудыг гүйцэтгэгчээр ажиллуулж байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 30 хувийг дотоодын барилга угсралтын ажилд зарцуулагдаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.