ХААИС-ийн дэд захирал асан Ж.Батчулууны нэг үйлдлийг хэрэгсэхгүй болгов
Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)-ийн захирал Т.Хэрүүга, Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хянан хэлэлцлээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Т.Хэрүүгаг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жил хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ял оноосон билээ.
Тус сургуулийн дэд захирал асан Ж.Батчулууныг зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа худалдан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, төрийн албанд ажиллах эрхийг мөн хугацаагаар хасан, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн талаар бид өнгөрсөн наймдугаар сард мэдээлж байсан.
НПГ-аас Т.Хэрүүгад Эрүүгийн хуулийн 22.8-1.2 дахь хэсгийн “Төсвийн захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, зах зээлийн дунджаас өндөр үнээр бараа худалдан авсан”, Ж.Батчулуунд дээрх зүйл заалтаас гадна 17.4-1-ийн “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” хэмээн яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн юм.
Тэд сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Киа морнинг”, “Бонго жи-3” загварын автомашин тус бүр нэг, “Хьюндай аванте” суудлын автомашин, “Хьюндай каунти” загварын автобус тус бүр хоёр, нийт зургаан тээврийн хэрэгслийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авч, сургуульдаа хохирол учруулсныг анхан шатны шүүх тогтоож, давж заалдах шатны шүүх өчигдөр уг шийдвэрийг нь үндэслэлтэй гэж үзлээ.
Харин Ж.Батчулууныг 2024 оны есдүгээр сард яллагдагчаар татах тогтоол баталсан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа ийм шийдвэр гаргасан хэмээн эд хөрөнгө завшсан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгов. Ингэснээр тэд төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэмт хэрэгт оноосон ял шийтгэлийг эдлэхээр болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.