Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан гэмт хэргийг илрүүлжээ

Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан гэмт хэргийг илрүүлжээ
Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сард хяналт, шалгалт зохион байгуулан ажиллажээ.
 
Хяналт шалгалтаар, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Орхонтуул сумын нутаг дэвсгэрт хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүй талбайд ашигт малтмал олборлож байсан гэмт хэргийн шинжтэй зургаа, зөрчлийн хоёр үйлдлийг илрүүлэн, ууланд нууж байрлуулсан экскаватор 20, ковш гурав, Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл гурвыг тус тус олж тогтоон, уулнаас татан байршуулж, Сэлэнгэ аймгийн байгаль орчны газарт хүлээлгэн өгч, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг Цагдаагийн байгууллагын гомдол, мэдээлэлд бүртгэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулан ажиллаж байна.
 
Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл 1-д зааснаар, Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол 5.400.000-27.000.000 төгрөгөөр торгох, 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Иймд иргэн та хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлээрэй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.