🔴С.Бямбацогт: Хулгай хийснээ нуух гэж нууцад авдаг асуудлыг таслан зогсооно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, төрийн нууцын жагсаалтын хууль батлах үзэл баримтлалыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Г.Занданшатарын Засгийн газрын баримталж байгаа гол зарчим иргэдэд ил тод нээлттэй байх.

Өнгөрсөн хугацаанд төрийн болон албаны нууцад авсан олон гэрээ тогтоолуудыг ил болгосон. 2010-2025 оны хугацаанд “Эрдэнэс ТавантолгойХК-ийн хийсэн 581 нүүрсний гэрээг ил болгосон. Оюутолгойн холбогдох гэрээ хэлэлцээрийн тогтоолуудыг ил болгож байна. Мөн хил холболтын олон улсын гэрээ хэлцлүүдийг ил болгох ажлууд хийгдэж байна. Ил тод нээлттэй байгаа газар хулгай нүүрлэхгүй. Тиймээс төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, төрийн нууцын жагсаалтын хууль батлах тухай хуулийг УИХ-аар батлахаар тогтож, өргөн барихаар боллоо. Хууль бусаар хулгай хийснээ нуух гэж нууцад авдаг асуудлыг таслан зогсооно.

Олон тендер, олон томоохон төслүүдийг нууцалдаг. Томоохон үнийн дүнтэй гэрээнүүдийг нууцад авдаг асуудлыг таслан зогсоож ил болгоно. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын 574 тогтоолоор тодорхой гэрээ хэлэлцээрүүдийг нууцалсан байна гэлээ.

Энэ дагуу Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг боловсруулжээ. 

Эдгээр төслийн хүрээнд:

-Төрийн нууцад хамаарахаас бусад төрийн байгууллагын бүх мэдээлэл ил тод, нээлттэй болно. Тухайлбал, албаны нууцыг хүчингүй болгосноор одоо албаны нууцад бүртгэлтэй байгаа төрийн 59 байгууллагын нийт 882 мэдээлэл ил болно.

-Төрийн нууцын жагсаалтыг Засгийн газрын шийдвэрээр өргөжүүлэх, үндэслэлгүйгээр мэдээллийг нууцлах явдлыг таслан зогсооно. Өөрөөр хэлбэл, төрийн нууцын жагсаалт батлах эрхийг Улсын Их Хуралд бүрэн төвлөрүүлж, иргэд, олон нийтийн хяналтыг тогтооно.  

Эдгээр хуулийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулснаар төрийн байгууллага, албан тушаалтан үндэслэлгүйгээр мэдээллийг нууцад хамааруулахаас урьдчилан сэргийлэх, төрийн нууцлах мэдээллийн хүрээг хумих, төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргалт хариуцлагатай, ил тод, нээлттэй байх, авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахад эерэг нөлөө үзүүлнэ.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн 12 минут өмнө
Занданшатарыгаа барьж өгөх нь үү ккк. Чадахгүй бол битгий хоосон чальч