Хүмүүжигч нь хянагчтайгаа архи ууж, зодолдож байг уу, Б.Энхбаяр сайд аа
Сэлэнгэ аймаг дахь хууль сахиулах байгууллагынхан үе үе таагүй зүйлд холбогддог болсон. Гэвч тэгсхийгээд дарагддаг нь нууц биш. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (ШШГГ)-ын харьяа Цагдан хорих байрнаас өнгөрсөн долоодугаар сард бага насны хүүхэд хүчиндсэн хэрэгт ял шийтгүүлсэн нэг эр оргосон юм. Өмнө нь гурван удаа ял шийтгүүлсэн тэр хүнийг цагдаагийнхан маргааш нь олж саатуулсан билээ.
Хорих байрнаасаа хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг алдсан үйлдэлд Сэлэнгэ аймаг дахь ШШГГ-ын дэд даргад хариуцлага тооцоод, ангийн захирагч нь уснаас хуурай гарч үлдсэн юм. Гэтэл наадмын дараахан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь хаалттай хорих 435 дугаар ангид нэг хүмүүжигч өөрийгөө хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ.
Түүнээс хойш нэг их удалгүй тус ангийн өөр нэг хүмүүжигч хянагчтайгаа нийлж, согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд төрийн тусгай алба хаагчид гар хүрсэн юм байна. Үүний хариуцлагыг 435 дугаар ангийн дэд дарга нь хүлээж, албан тушаалаасаа өөрчлөгдөн, өөр нэг хориход ахлах төлөөлөгч болж иржээ. Ангийн удирдлага нь ямар ч хариуцлага хүлээгээгүй аж.
Түүнчлэн бусдыг айлган сүрдүүлж, эд зүйлийг нь авсан хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг хүмүүстэй зөвшөөрөлгүй уулзуулсан явдалд ШШГЕГ-ын харьяа эмнэлгийн албан тушаалтан буруутгагдсан байдаг. Өдгөө түүнийг АТГ-т ашиг сонирхлын зөрчил үүссэн хэмээн шалгаж буй юм билээ. Энэ мэтээр ШШГЕГ-ын харьяа ангиудад хууль бус үйлдэл нэг биш гарсаар байна.
Харамсалтай нь, үүнийг хамгийн сайн мэдэж, хянаж байх ёстой тус газрын Тогтоол гүйцэтгэх газрын удирдлага ус балгасан мэт дуугүй сууж, хариуцлага хүлээлгэсэн нэр төдий арга хэмжээ авдаг нь дабл стандарт үйлчилж буйн илрэл гэж хардаг эгэл жирийн алба хаагчид бий
Үүний эхэнд Сэлэнгэ аймгийн хууль хяналтын байгууллагынхан таагүй зүйлд холбогддог хэмээн тодотгосон.
Тус аймгийн цагдаагийн газрын зургаан албан тушаалтан өдгөө алтны “нинжа” нарт давуу байдал олгож, хахууль авсан байж болзошгүй хэрэгт шалгуулж байна. Хэрэгт холбогдсон цагдаагийн офицеруудын ажлыг түдгэлзүүлэхээр прокурорын байгууллагаас өнгөрсөн долоодугаар сард шүүхэд хүсэлт хүргүүлсэн ч хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авснаар өдгөө тэд ажлаа хийж байна.
Өнгөрсөн 2024 оны дөрөвдүгээр сард тус аймгийн цагдаагийн газрын ажилтнууд бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон дуулиан дэгдэхэд тэр даруйд удирдлагыг нь өөрчилж байсан. Нэг жилийн дараа зургаан ажилтан нь авлигын хэрэг холбогдчихоод байхад удирдлага нь юу ч болоогүй мэт ажлаа хийсээр сууна.
Ташрамд дурдахад, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан хоёр ч хүн албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдсон ч орон нутгийн шүүх нь тэдний хэргийг эцэслэн шийдвэрлэхгүй, элдэв шалтаг тоочсоор буцааж буй билээ. Энэ мэтээр хариуцсан салбарын тань нэг эд, эс болсон Сэлэнгийн хууль хяналтын байгууллагынхан таагүй зүйлд холбогдож, хүмүүжигч нь хянагчтайгаа нийлж архи уух явдал гарч л байг уу, Б.Энхбаяр сайд аа!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.