“Туул” рестораныг соёлын өвд бүртгэх тогтоолыг ИТХ дахин хэлэлцэх нь

“Туул” рестораныг соёлын өвд бүртгэх тогтоолыг ИТХ дахин хэлэлцэх нь

Монгол барилгачид дэлхийн II дайны дараах жилүүдэд буюу 1946-1948 онд барьж ашиглалтад оруулсан “Туул” рестораныг С.Болдхэтийн үүсгэн байгуулсан “Нарантрейд” ХХК-ийнхан буулгаж, оронд нь олон улсын франчайз зочид буудал барих гэж хөөцөлдөж байгаа. Энэ талаар бид “Туул” рестораныг үгүй болгож, оронд нь дөрвөн одтой зочид буудал барина гэв үү” хэмээн уншигчдадаа хүргэсэн билээ.

Улаанбаатар хотын анхны нийтийн хоолны үйлчилгээний зориулалттай эл барилгыг 1997 онд дээрх компанийнхан хувьчилж авсан гэдэг. Улмаар 2023 оноос олон улсын сүлжээ зочид буудал байгуулахаар эрхээ авсан хэмээн өөрсдөө тайлбарлаж буй. Харин нийслэлийн болон Чингэлтэй дүүргийн удирдлага тус рестораны барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн аж. Ийнхүү шийдвэрлэснээр “Нарантрейд”-ийнхэн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Мөн нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2008 оны дөрөвдүгээр сарын 23-нд “Туул” рестораны барилгын 0.08 га талбайд “зочид буудал”-ын барилга барих ЧД/07/08 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон ч тус газрын даргын 2023 оны есдүгээр сарын 22-ны тушаалаар “2016 оноос өмнө батлан олгосон боловч барилга угсралтын ажил эхлүүлээгүй” гэх үндэслэлээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх “Нарантрейд” ХХК-ийнхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангасан юм. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон шийдвэрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон билээ.

Тэгвэл Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн өчигдөр уг хэргийг хянан хэлэлцээд “Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5.1-д “Дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулна”, 22.3-т “Энэ хуулийн 22.2-т зааснаас бусад соёлын биет өвийг өмчлөгч, эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн зохих шатны бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлж болно” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч тал соёлын өвд бүртгэсэн үндэслэлийн талаар болон шийдвэр гаргах ажиллагаанд өмчлөгч хуулийн этгээдийг оролцуулсан, эсэх талаар маргасан. Энэ тохиолдолд шүүхээс уг үйл ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй. Иймд “Туул” рестораны барилгыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүллээ. Түүнчлэн цаг хугацааны хувьд хожим гарсан ч дээрх маргаан бүхий акттай уялдаа холбоо бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан актыг мөн шинэ акт дахин гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр боллоо.

Ингэснээр нийслэлийн ИТХ “Туул” рестораныг соёлын өвд бүртгэсэн тогтоолоо дахин хэлэлцэж шийдвэрлэх нь. Үүнтэй уялдуулж, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрынхан ч дахин тогтоол гаргах бололтой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.