“Эрүүл мэндийн даатгалын газрыг яамны харьяанаас яаралтай гаргах хэрэгтэй”
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Та нар олон санг тоносон, одоо Эрүүл мэндийн даатгалын санг тонож дууслаа
-Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн нөхцөл байдлын шалтгаан нь улс төрөөс үүдэлтэй. 2012-2016 онд миний бие намуудыг оролцуулаад, олон улсын байгууллагатай хамтран маш зөв тогтолцоотой Эрүүл мэндийн даатгалын тухай хууль баталсан. Гэтэл 2016 онд МАН олонх болоод зөв байсан тогтолцоог буруу болгож, Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлснээс энэ бүх асуудал үүссэн. Та нар ЖДҮ сан, Тариалан эрхлэх сан гээд маш олон санг тоноод дуусгасан. Одоо ЭМДС-г тоноод дуусгах гэж байна. Би УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Энэ нь Эрүүл мэндийн даатгалын газрыг яаралтай ЭМЯ-ны харьяаллаас гаргах тогтоолын төсөл юм. ЭМЯ өөрөө чанартай тусламж үйлчилгээг худалддаг газар болохоос худалдагчдаа бүх мөнгөө өгдөггүй юм. Иймд энэ газрыг яаралтай салгаж, эрүүл мэндийн даатгал төлөгчдийн мөнгийг хамгаалалтад авах шаардлагатай байна. Даатгал төлөгчдийн мөнгөөр төсвийн цоорхойг нөхөх, өөрсдийн хулгай, сонгуулийн шоунд ашиглаж болохгүй. Энэ маш том гэмт хэрэг шүү.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-С.Одонтуяа гишүүнтэй санал нэг байна. 2020 оны үед эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсон юм билээ. Хэн чанартай тусламж үйлчилгээ хүргэнэ, тэр илүү өндөр орлого, санхүүжилттэй байх гэдэг бодлого нь өөрөө зөв. Гагцхүү хэрэгжүүлж, зохион байгуулахдаа хяналт тавьж чадаагүй. Тэнд ажиллаж буй сайн удирдлага, эмчийн буруу биш. ЭМДҮЗ, ЭМЯ, ЭМДЕГ гэх мэт энэ салбарыг удирдаж буй удирдлагуудын хариуцлагагүй үйлдлээс болж ийм болсон байна. Энэ нь шалгалтаар тогтоогдож байгаа.
“Орлого нь адилхан хэрнээ төлж байгаа татвар нь их байна”
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир төрийн өмчит компаниудын ашгийн талаар асуулт тавьсан.
Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Өнөөдрийн байдлаар төрийн өмчит 104 компани үйл ажиллагаа явуулж байгаа ба 60 орчим мянган хүн ажиллаж байна. 2024 оны жилийн эцсийн байдлаар 26 их наяд төгрөгийн орлого олж, 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. 2023 онтой харьцуулахад орлого 10.1, ашиг 15 хувиар буюу 746 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Төрийн өмчит компаниуд бүгд ашиггүй, муу байгаа юм биш. Тодорхой хэмжээнд орлого, ашиг нэмэгдэж байна. Энэ чинээгээр төсөвт төвлөрүүлж буй татвар, хураамж бас нэмэгдэж байна. Нүүрс олборлож буй компаниудыг хувь, төрийн өмчит гээд харьцуулж үзэхэд олборлож буй нүүрсний хэмжээ адилхан хэр нь улсын төсөвт төвлөрүүлж буй татвар, хураамж нь төрийн өмчит компаниудынх хоёр дахин их. Мөн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг "Оюутолгой" компанитай харьцуулахад олж буй орлого нь адилхан хэр нь төлж буй татвар нь Оюутолгойгоос их байна" гэв.
Ийнхүү Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлж, өчигдрийн чуулган өндөрлөлөө.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 214 (7711)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.