🔴Ерөнхий сайд Г.Занданшатар: Ирэх таван жилд ядуурлыг хоёр дахин бууруулна
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийг олон нийтэд танилцуулах хэвлэлийн хурал хийлээ. "Шинэ итгэл, эрс шинэтгэл" уриан дор боловсруулсан энэхүү төлөвлөгөө нь Үндсэн хуульд нийцүүлж, шинжлэх ухааны үндэслэл, олон нийтийн саналд тулгуурласан бөгөөд эдийн засгийн төрөлжилт, авлигагүй нийгэм, хүний хөгжлийг дэмжихэд чиглэх юм.
Төлөвлөгөөнд үндсэн найман чиглэл тусгагдсан нь хүний хөгжил, засаглалын шинэчлэл, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, байгаль орчны хамгаалал, бүс нутгийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, нийгмийн хөгжил болон үндэсний үнэт зүйл, эв нэгдэл зэрэг аж. Гол зорилтууд нь нэг хүнд ногдох ДНБ-ийг 10.7 мянган ам.долларт хүргэх, ядуурлыг хоёр дахин бууруулах, мөн өрсөлдөх чадварыг дэлхийн 90-д оруулах юм. Харин гадаад өрийг 158 хувиас бууруулах, уул уурхайгаас хамаарлыг 93 хувиас бууруулахыг тодотгожээ.
Эдийн засгийн шинэчлэлд эрчим хүчний реформ, хөдөө аж ахуйн өөрчлөлт, татварын шинэчлэлийг онцлон, уул уурхайг дэмжин, бусад салбарыг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Хиймэл оюун ухаанаар тендер, хяналтыг ил тод болгох, төрийн албаны шинэчлэл хийнэ. Ирэх таван жилд зэсийн хайлуулах үйлдвэр (жилд 560 мянган тонн), төмрийн хайлуулах үйлдвэр (1 сая тонн), газрын тос боловсруулах үйлдвэр (1.2 сая тонн) зэрэг мега төслүүдийг ашиглалтад оруулна.
Хөдөө аж ахуйн салбарт боловсруулалтын хүчин чадлыг 50 хувиар нэмэгдүүлж, 53 шинэ үйлдвэр барих, газар тариалангийн талбайг 200 мянган га-аар өргөтгөх, малчдыг дэмжин экспортыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Энэхүү шинэтгэл нь Монгол Улсаа хөгжүүлж, ард иргэдийнхээ амьдралын баталгааг сайжруулан, хөдөлмөрийн эдийн засагтай холбогдох зорилтыг хэрэгжүүлэх үндсэн зорилготой. Бид 30 жилийн замналаасаа сургамжилж, алдаан дээрээсээ суралцаж, оноогоо баталгаажуулж, тогтолцоогоо цэгцэлж, хөгжлийн дараагийн шатын шинэчлэлийн зам мөрөө тавих учиртай. Засгийн газар солигдох болгонд бодлого нь өөрчлөгдөөд, хөрөнгө оруулалтын орчин тодорхой биш байсан нь сүүлийн 30 жилийн хамгийн том алдаа байна гэж дүгнэсэн.
Ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл нь хийх ажил, шийдэх асуудал, хүрэх үр дүнгийн тоон үзүүлэлт юм. Энэ бол уриа лоозон, мөрөөдлийн жагсаалт биш, харин бодит ажил хэрэг, үйлдэл, үр дүнгийн цогц ажлын төлөвлөгөө юм.
Хамгийн гол зорилго нь олон нийтийн санал сэтгэлд нийцсэн шударга нийгэм, авлигагүй төрийг бий болгох. Иргэд чанартай эрүүл мэндийн үзлэг, үр хүүхэддээ чанартай боловсрол эзэмшүүлэх, илүү сайн, тавтай тухтай орчинд амьдрахыг хүсэж байна.
Эдийн засгийн бүтцийн шинэчлэл нь ганц уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа олон тулгууртай болгох зорилготой. Үйлдвэрлэдэг, экспортолдог, инновац технологи, хиймэл оюун ухааныг дэмжсэн олон хуулийг хэрэгжүүлнэ. Илүү өртэй, олон хүүхэдтэй гэр бүлүүдэд татварын бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Орон сууцны төрөлжсөн банк байгуулж, 80 мянган айлын орон сууцыг ирэх таван жилд барьж байгуулж, агаарын бохирдлыг бууруулна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.