Багануурын 50 МВт батарей хуримтлуурын станц төвийн системд 57.450 сая КВт.цаг эрчим хүч нийлүүлжээ
Улаанбаатар хотын эрчим хүчний систем хүн амын төвлөрөлтэй холбоотойгоор 2023-2024 онд шилжих өвөл 200 МВт чадлын дутагдалд орж, өвлийн оргил ачааллын үеэр цахилгааны хязгаарлалт тогтмол хийгдэж байсан. Эхэндээ гэр хорооллоор цахилгаан тасарч, яваандаа орон сууцны айлууд хүртэл хотхоноороо цахилгаанаа таслуулж байсан нь саяхан. Гэвч асуудлыг дараа өвөл нь гэхэд шуурхай шийдсэн билээ.
Нийслэлээс Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт эхний блокийг 2024 оны намар ашиглалтад оруулж, удалгүй төвийн бүсийн нэгдсэн системд цахилгаанаа нийлүүлж эхэлсэн. Мөн энэ үеэр Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг шил дараалан ашиглалтад оруулж, төвийн бүсийн системд нийт 200 МВт хүчин чадалтай Бөөрөлжүүт, Багануурын станцууд 2024-2025 онд шилжих өвөл цахилгаан эрчим хүчээ тасралтгүй нийлүүлснээр Улаанбаатар хотод дахин цахилгаан тасалдаагүй.
Өнгөрсөн сарын 16-нд ОХУ-аас импортолж авдаг 220 кВ-ын цахилгааны шугам тасарч, түр хугацаанд эрчим хүч тасалдсан байдаг. Үүнээс өөр цахилгааны хязгаарлалт хийгдээгүй.
Улаанбаатар хотын хүн амын эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа учраас Бөөрөлжүүтийн эхний 150 МВт станцыг ашиглалтад оруулсны дараа дараагийн 150 МВт хоёрдугаар блокийн ажлыг яаравчлан эхлүүлж, 2025 оны аравдугаар сарын 18-нд хугацаанаас нь хоёр сарын өмнө ашиглалтад оруулж, төвийн системд эрчим хүч нийлүүлж байгаа билээ.
Харин арваннэгдүгээр сарын 2-ны байдлаар Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц “Улаанбаатар энержи” ХХК төвийн системд 57.450 сая КВт.цаг эрчим хүч нийлүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.