🔴Х.Баасанжаргал: Төсвийн хэлэлцүүлгийн үeэр Т.Аубакир сайд Х.Ганхуяг гишүүний кнопыг дарж, маш ноцтой үйлдэл гаргасан

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал чуулганы хуралдааны ирцээс гарсан талаараа тайлбар хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-Үндсэн хууль зөрчиж байна гэж үзвэл УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу ирцээсээ албан ёсоор гарж болдог. Би анх удаагаа энэ дэгийг хэрэглэж байна. Гол шалтгаан нь, төсвийн хэлэлцүүлэг хуульд заасны дагуу, ялангуяа дэгийн тухай хуульд заасны дагуу явах ёстой. Гэтэл Засгийн газар, Төсвийн байнгын хорооны дарга нар зөрчиж байна.

Ялангуяа, уржигдар орой Төсөв боох ажлын хэсгийн хуралдааны үеэр Төсвийн байнгын хорооны дарга бөгөөд Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг гишүүний оронд Т.Аубакир гишүүн сууж, кнопыг нь дарж, санал өгсөн. Энэ бол Дэгийн тухай хуулийг зөрчсөн ноцтой үйлдэл. Түүнчлэн, Т.Аубакир гишүүн өөрөө Засгийн газрын сайд. Сайд бол асуултад хариулж, Засгийн газрын байр суурийг илэрхийлэх ёстой болохоос ажлын хэсгийг ахлаад, өөрийнхөө зарцуулах мөнгийг батлах ёсгүй.

Ийм хоёр том зөрчлийг гаргасан учраас үүний үр дагаврыг засаж, төсвийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх ёстой. Гэтэл зургаан чиглэлийн асуудлыг авч үлдээд, бусад төсвийг хэлэлцэж байна. Зургаан чиглэлийн дунд, бүсчилсэн хөгжилтэй холбоотой хөрөнгийн асуудлыг эргэж задалж оруулах ёстой боловч хаана, хэдэн төгрөг тавьсан нь одоо болтол албан ёсоор ирээгүй байна.

Мөн, яг санал хураахын өмнө нийтдээ 113 зарчмын зөрүүтэй санал ирж байна. Бид нар үүнтэй огт танилцаагүй. 30 гаруй их наяд төгрөгийг зарцуулах гээд сууж байна. Энэ бол маш хариуцлагатай шийдвэр. Өөрсдийнхөө цалинг зарцуулахдаа ч бид нар ийм хариуцлагагүй ханддаггүй. Гэтэл 113 зарчмын зөрүүтэй саналтай танилцахгүйгээр, шууд "Ногоон дараарай" гэхээр ногооныг дараад, "Улаан дараарай" гэхээр улааныг дараад сууж байна. Ийм байдлаар төсвийн асуудалд хариуцлагагүй хандаж болохгүй. Тийм учраас би хуулийг зөрчихгүй гээд албан ёсоор ирцээсээ гарсан.

Б.Пүрэвдорж дарга намайг ирцээс гарсны дараа "Тойргийн гишүүд төсөвтөө анхаараарай. Жагсаалтын гишүүд яах вэ" гэж мэдэгдсэн. Энэ нь дахиад л Үндсэн хуулийн зөрчил. УИХ-ын гишүүд тойрог, жагсаалт үл хамаараад бүгд адилхан саналын эрхтэй байх ёстой. Гэтэл төсвийн асуудал дээр "Тойргийн гишүүд" гэдэг нэрийн дор өөрийнхөө тойрогт төсөв тавиулах нь л хамгийн гол ажил нь болчихож. Хууль тогтоомж, бодлого ерөөсөө чухал биш. Хэн өөрийнхөө тойрогт их мөнгө тавиулах нь гол ажил юм шиг. Иргэд ч эргээд сургууль, зам бариулсан хүнд нь илүү санал өгдөг энэ байдал 30 гаруй жил үргэлжилж ирсэн учраас өнөөдөр бид нарын хөгжлийн байдал иймэрхүү л байна гэв.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 41 минут өмнө
Ganhuyag ymarch chadamjgui butehgui hudalch hor nairuulagch sh dee.