🔴П.Ганзориг: Хүн нам сөрөг хүчний ажлаа хийж байгаа

AI хөрвүүлсэн

Улсын төсөвтэй холбоотой ХҮН-ын байр суурийн талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн, ХҮН-ын ЕНБД П.Ганзориг:

-1.1 их наяд төгрөгийн төсвийн өөрчлөлтөд ХҮН-ын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаад, тойрогтоо тавиулчихсан, эсвэл төсөв захиран зарцуулах эрхээ нэмэгдүүлчихсэн зүйл огт байхгүй. ХҮН-аас багш нарын цалинг нэмэхийн тулд 900 гаруй тэрбум төгрөгийг урсгал зардлыг бууруулах байдлаар төсөвт нэмсэн. Боловсролын сайд ХҮН-аас ажиллаж байгаа учраас боловсролын салбарын багш, ажилчдын цалинг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа бол болчимгүй зүйл.

Монгол Улс төсөв дээрээ боловсрол, эрүүл мэндийн салбарын төсвийг хангалттай нэмэгдүүлж явах ёстой. Цалинг нь 20-30 хувиар, инфляцтай уялдуулж нэмэх гэхээр олигтой нэмэгдэл болохгүй байна. 60-70 хувиар нэмэгдүүлэхээр төсөв даахгүй байгаа учраас урсгал зардлыг нэлээд хэмжээгээр танаж байгаа. Энэ нь магадгүй зарим гишүүд, сайд нарын дургүйг хүргэж байгаа байх. Хэрвээ ХҮН нам төсөв наймаалцсан бол зөвхөн боловсролын салбарын багш, ажилтнуудын цалинг нэмж байгаа 900 хэдэн тэрбум төгрөгийн төсөв л байгаа гэж ойлгож болно.

Эрэмбийн хувьд төсөв эхлээд эрүүл мэнд, боловсрол руугаа чиглэх ёстой. Дараа нь барилга байшин, зам руугаа явах ёстой. Багш нарын цалинг нэмэгдүүлэх төсвийг шантаажны төсөв гэж харж байгаа юм уу, үгүй юү гэдгийг би хэлж мэдэхгүй. Зам, барилга дээр 300 гаруй тэрбум төгрөгийн бүсийн хөгжлийн төсөв явж байгаа юм байна. Тэр бол АН болон бусад тойргийн гишүүдийн гаргасан санал байх.

Улс төрийн намын хувьд гишүүд ордог, гардаг. Энэ чинь байдаг л үзэгдэл. Аль нэг намын үзэл баримтлал таалагдахгүй бол гараад явж болно. Намын дарга Т.Доржханд чуулгандаа суугаад, оролцоод л явж байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.