Дархан-Уулын цагдаа, прокуроруудын хэргийг Дээд шүүх хэлэлцсэнгүй
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Баярмагнайгийн гуйснаар Дархан-Уул аймгийн ерөнхий прокурор, цагдаагийн дарга, ажилтнууд модны ченжид давуу байдал үүсгэсэн гэх хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх, эсэхийг өчигдөр хяналаа. Улмаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн байна.
Сэлэнгэ аймгийн харьяат М.Соёл-Эрдэнэ орон нутгаасаа Улаанбаатарын чиглэлд олон улсын тээврийн буюу транзит дугаартай автомашинаар 2022 оны арваннэгдүгээр сарын 8-нд гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явахад нь Дархан-Уул аймгийн Дархан сумд үүрэг гүйцэтгэж байсан Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Ц.Бат-Оргил зогсоон шалгажээ. Улмаар машиныг нь журамлан саатуулахаар болтол М.Соёл-Эрдэнэ НПГ-ын ерөнхий прокурор асан Д.Баярмагнай руу утсаар ярьсан байна. Үүний дараа Д.Баярмагнай тухайн үеийн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Ууганбаатарын утас руу залгаж “Дарханы цагдаагийн пост дээр транзит дугаартай машин явуулахгүй байна” гэж хэлжээ. Т.Ууганбаатар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ганзориг болон орлогч прокурортой Д.Баярмагнайгийн ярьсны дагуу холбогдсон аж. Ийнхүү дээрээс нь удирдлага, хяналт доорх албан тушаалтан хүртэл ярьж уг мод ачсан тээврийн хэрэгслийн жолооч М.Соёл-Эрдэнэд давуу байдал олгосон хэмээн дээрх хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан юм. Үүнээс гадна Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ганзоригийг Замын цагдаагийн тасгийн ажилтнууд болох Д.Энхтайван, Д.Энхбаясгалан нарт үүрэг өгч, тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Эрдэнэбатын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг шалгуулалгүй, хуулийн дагуу шийдвэрлүүлэлгүй давуу байдал олгосон гэж НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн байна.
НПГ-аас М.Соёл-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 22.5-1-ийн бусдад хахууль өгөхийг завдсан, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн экологийн асуудал хариуцсан мөрдөгч Б.Оргил, Хонгор сумын экологийн асуудал хариуцсан байцаагч Б.Отгонсүрэн, экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч Б.Зам, Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга Т.Батням, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Ууганбаатар, НПГ-ын ерөнхий прокурор асан Д.Баярмагнай, хурандаа Д.Ганзориг, Замын цагдаагийн тасгийн дарга байсан Д.Энхтайван, зохицуулагч Д.Энхбаясгалан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал олгосон хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүх эл хэргийг өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцээд Д.Баярмагнай, Т.Ууганбаатар, Б.Оргил, Б.Отгонсүрэн, Б.Зам, Т.Батням, М.Соёл-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Харин Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ганзоригийг Замын цагдаагийн тасгийн нэг ажилтандаа үүрэг өгч, Засаг дарга асанд давуу байдал олгосон гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасан, 5.4-6 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Харин Дархан-Уул аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг тогтоолыг өөрчлөн хурандаа Д.Ганзориг болон замын цагдаагийн тасгийн ажилтныг цагаатгасан байна.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.