Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ
УИХ-ын гишүүн асан, “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, хууль тогтоогч асан, “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, “Таванбогд групп” ХХК-ийн эзэн Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, иргэн Л.Алтан-Очир нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорт шилжүүлжээ.
Дээрх дөрвөн хүнийг Эрүүгийн хуулийн 11.4-2-т заасан бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 20.16-1 дэх хэсгийн “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэх заалтын дагуу яллагдагчаар тооцоод буй.
Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар өнгөрсөн долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг, хуучнаар “Хүүхдийн-100” хэмээн нэрийддэг гудамжинд иргэн Д.Саяннямбууг зодож гэмтээсэн хэрэгт холбогдсон билээ
Шүүхийн шинжилгээний байгууллагын удаа дараагийн дүгнэлтээр хохирогч Д.Саяннямбууд хүндэвтэр гэмтлийн зэрэг тогтоогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнчлэн иргэн Д.Саяннямбууг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн буруутгаж буй бөгөөд өөрийнх нь эрүүл мэндэд халдах үед Ц.Санжаачойпэлийг эсэргүүцэн хариу үйлдэл үзүүлсэн нь ийнхүү яллагдагчаар татах шалтгаан болсон байдаг.
Дээрх Прокурорын газрынхнаас энэ талаар тодруулахад “Шүүхэд хараахан шилжүүлээгүй байгаа” гэсэн хариулт өгөв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.