🔴О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн төсвийн талаар үг хэлэхэд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь намайг доромжилсон
Улсын төсөв дээрх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөрөнгө оруулалт болон энэ асуудлаарх гишүүдийн хандлагын талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
-УИХ-ын гишүүний хувьд төсөвт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан ахиц, Засгийн газрын бодлогод анхаарал хандуулах зүйлсийг чухалчилж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал ахицтай байгаа ч, аливаа зүйлийг өнгөц хийж, дүр эсгэсэн байдал ажиглагдаж байна.
Төсвийн хөрөнгө оруулалт нь ирээдүйд үр ашгаа өгөх ёстой. Зөвхөн бизнесийн бус, халамжийн үйлчилгээгээр дамжуулан иргэдийг хөгжүүлж, нийгмийн амьдралд эргэн орох боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Хүний амьдралын өөрчлөлтийг харах нь чухал.
Төсвийн тодотголоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой төслүүд болон эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийг хассан нь харамсалтай. Хөгжилд зориулсан төсөв төлөвлөгөөг харах ёстой ч, сэхээнд байгаа иргэдийн амьдралыг мартаж болохгүй. Хавдар болон хүнд өвчтэй хүмүүст асаргаа хэрэгтэй. Асаргаа хийдэг хүмүүс нийгэмд оролцох боломжгүй болдог. 19 мянган төгрөгийн нэмэлтээр амьдралын чанарыг сайжруулах боломжгүй.
Чуулган дээр энэ асуудлыг ярихад, АН-ын Ж.Батсуурь гишүүн намайг доромжилж, шоолж байгаа нь ёс зүйн хариуцлагагүй үйлдэл. Улс төрч эмэгтэйчүүд, сэтгүүлч эмэгтэйчүүд жендерт суурилсан хүчирхийлэлд өртөж байна. Эмэгтэй гишүүд олон нийтийн доромжлолыг амсаж, ажлаа тайван хийх боломжгүй болж байна. Чуулган дээр ирээд, үгээ хэлж, асуулт асуухад "Энэ нэг инээдтэй юм" гэж доромжилж байна.
Цаашдаа олон эмэгтэй улс төрд орж ирнэ. Тэдний замд ийм асуудал битгий байгаасай. Айж, ичихгүйгээр ярьж, ийм зүйлийг таслан зогсоох хэрэгтэй. Шинээр ирж байгаа гишүүд бид ийм зүйл болж байгаад гайхаж байна. Надаас уучлалт гуйх ёстой. Сар гаруйнхны өмнө үүнтэй төстэй явдал болж байсан бол өнөөдөр би дахиад л бүллид өртлөө. Ийм зүйл дээр эвлэрэхгүйгээр, зарчимтай, ажил хэрэгч харилцаатай байхыг уриалж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.