🔴Ц.Сандаг-Очир: Иргэдээс нуусан 363 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа татаж, тэтгэврийг 15 хувиар, эмч нарын цалинг 25 хувь нэм
Ардчилсан намын зарим гишүүд Засгийн газрыг огцруулах асуудал дээр кнопоо үнэд хүргэж, өөрсдөдөө ашигтай төсөв батлах гэж байгааг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир мэдээллээ.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир:
-Төсвийн байнгын хороо төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өчигдөр эцэслэн баталсан. Мөнгө байхгүй гэж байсан Засгийн газар 1.1 их наяд төгрөгийг гаргаад, багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмэх шийдвэр гаргасан. Гэтэл тэрнээс гадна нийт төсөвт өртөг нь 1.1 их наяд төгрөг, 2026 онд санхүүжих нь 363 тэрбум төгрөгтэй нийт 111 төсөл, арга хэмжээ оруулж ирсэн. Энэ мөнгийг хаанаас гаргаад ирэв? Тэтгэвэр нэмэх боломжгүй, эмч нарын цалинг нэмэх боломжгүй гэж ярьж байсан улсууд хаанаас ийм их мөнгө гаргаад ирэв?
Чуулган эхлэхээс өмнө бүлгээ хуралдуулж, яаралтай тайлбар өг гэж бүлгийн даргыг шахсан. Энэ төсвийг бүлгийн 68 гишүүдийн дийлэнх олонх мэдэхгүй байсан. Гэтэл Ардчилсан намынхан мэдэж байсан. Мөн төсвийн ажлын хэсэгт орсон цөөхөн гишүүд мэдэж байсан.
АН-ынхан сөрөг хүчний үүргээ умартаж, Засгийн газрыг огцруулах эсэх асуудал дээр тохиролцоо, наймаануудыг хийж, өөрсдийнхөө тойрогт хэдэн тэрбум төгрөг тавиулахын тулд эрх баригч, сайд, ажлаа хийж чадахгүй дарга нарыг суудалд нь байлгахаар наймаалцсан нь тодорхой болсон. АН-ын гишүүд өөрсдөө ч хүлээн зөвшөөрч байгаа. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн хэрэг.
Ийм мэдэгдэл хийж байгаадаа ард түмнээсээ, ахмадуудаасаа уучлал хүсмээр байна. Татвар төлөгчдийнхөө мөнгийг ард иргэдээсээ нуусан ийм Засгийн газар, сайдууд ичих хэрэгтэй. АН-ыг би бүгдийг нь гэж харлуулж хэлэхгүй. Асуудалд бодитой, шударга ханддаг олон гишүүд бий. Гэхдээ үндсэн чиг үүргээ мартаад, эрх баригч дарга нарын өвөрт орж, кнопоо наймаалцана гэдэг бол гутамшиг.
Эрх барьж байгаа МАН-ын бүлэг доторх хэдэн нөхөд өөрсдөө сөрөг хүчин болж байгаа. Манай нам цэвэрлэгдэх ёстой, АН ч гэсэн цэвэрлэгдэх ёстой. Ингэж байж Монголын төрд цэвэршинэ. Энэ бол төсвийн хулгай, луйвар. Манай намын гишүүд тойрогтоо хөрөнгө оруулалтууд батлуулчхаад, худалдагдчихаад явж байгаа. Ийм булхайтай Засгийн газар байж болохгүй.
Би бүлэг дээрээ "Сангийн сайд огцор. Төсвийн байнгын хорооны дарга огцор. Төсвийн ажлын хэсэг ажлаа хийж чадахгүй бол боль. Засгийн газар энэ төсвөө тат. Энэ наймаалцсан хөрөнгө оруулалтуудыг боль. Харин ахмадуудын тэтгэвэр, эмч нарын цалин болгож өг" гэдэг зарчмын байр сууриа хэлсэн. Цаашдаа ийм байдлаар төсвийг баталж хэзээ ч болохгүй.
Энэ парламентыг парламент шиг болгож, энэ төсвийг ард иргэдэд ээлтэй, хүртээмжтэй, тэгш шударга, нээлттэй байдлаар явах хэрэгтэй. "Тэр сумд, энэ аймагт илүү мөнгө хуваарилчихлаа" гэж би барьцаж хэлэхгүй. Нэг ч гэсэн сумд, нэг ч гэсэн аймагт, нэг ч гэсэн хороонд асуудал шийдэгдэж байвал сайн хэрэг. Гэхдээ ийм хууль бус, кнопоо наймаалцсан байдлаар асуудалд хандаж болохгүй гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.