🔴Х.Ганхуяг: Ардчилсан намынхныг худалдаж авсан зүйл байхгүй. Төсвийг буцаана гэсэн ойлголт байхгүй
Төсвийн байнгын хорооны хуралдааны үр дүнтэй холбоотойгоор үүсээд буй асуудлууд дээр тус хорооны дарга, Төсвийн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг тодруулга хийлээ.
УИХ-ын гишүүн, Төсвийн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг:
-Зардлаа бууруулахдаа төрийн албан хаагчдын цалин хөлс, хүүхдийн мөнгө, нийгмийн даатгалын сан, халамжийн сан, боловсролын салбарын гүйцэтгэл, улсын төсвөөс санхүүжих эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын санхүүжилт, гадаад зээлийн тусламжаар санхүүждэг урсгал зардал, зээлийн хуваарьт төлбөрт огт хүрээгүй. Ингэхдээ 474 тэрбум 111 сая төгрөгийг бууруулж, зарим зардлыг хуваарилж багасгасан.
Урсгал зардлыг ийм байдлаар хураангуй болгосон бол хөрөнгийн зардлыг бууруулахаас өөр аргагүй нөхцөл үүссэн. Нийт 331 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардлыг бууруулсан. Үүнд эрүүл мэндийн салбар, 2026 онд дуусах хөрөнгө оруулалтуудыг орхиж, бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулахгүй байхаар төлөвлөсөн. Харин 2027, 2028 онд дуусах төслүүдийн санхүүжилтээс 15 хувийг татсан. Ингэхдээ 2027 онд гүйцэтгэл дээрээ илүү мөнгө тавьж шийдэх боломжтой.
Гэхдээ манай нам дотор, бүлэг дээр үл ойлголцол үүссэн. Ажлын хэсэг, байнгын хорооны санал хураалт дээр ажлын хэсгийн есөн гишүүн, манай намаас таван гишүүн байсан. Би аль болох бүх талын оролцоог хангахыг оролдсон ч 30-аас хоёр гишүүн ороод, гараад явчихсан. Үлдсэн дөрвөн гишүүн бол сөрөг хүчний саналуудыг дэмжсэн. Байнгын хорооны хуралдаанаас ч мөн зарим гишүүд гараад явчихсан. Ингэхээр АН-ын саналууд дэмжигдэж, манай намын саналууд унаад байгаа. Гэтэл энийг АН-тай хуйвалдаж, санал өгч, авалцаж, наймаалцаж байгаа гэж ярьж байна. Санал хураалт явагдах үед манай намын гишүүд олонх биш байсан учраас АН-ын саналууд дэмжигдсэн. Байнгын хорооны хурлыг зогсоох боломжгүй.
Бүсчилсэн хөгжлийн тухайд их ярьсан. 2024 онд бүсчилсэн байдлаар сонгууль хийгээд, зураг төсөв гаргаж, Ерөнхий сайд болон гишүүд аймгуудаар очиж уулзалт хийсэн. Тодорхой эх үүсвэр тавьж, бүсийн гишүүд хурлаа хийж, хавсралт оруулах чиглэл өгсөн. Ингэхдээ 979 тэрбум төгрөгийг босгоод, багш, эмч нарын цалин, тэтгэврийн асуудлыг шийдэх урсгал зардлын зохицуулалт хийж байна.
Бүсчилсэн хөгжилтэй холбоотой УИХ-ын дэд хороо байгуулж, хавсралт гаргах чиглэл өгсөн. Аймаг, сумаараа хуваагдахгүй гээд бүсчилсэн сонгууль явуулах болсон. Бүсчилсэн хөгжилд мөнгө тушаахгүй бол хөгжил явахгүй.
Манай бүлэг дээр яригдсан зүйлс барьцаалал болж эхэлж байна. "Их Хурлын дэд даргын асуудал, Х.Булгантуяагийн асуудлыг шийд" гэж байна. Төсвийн ажлын хэсэг, байнгын хороо хуулиараа явж байгаа. Их Хурлын дэд даргыг бүлгээсээ шийдвэр гаргаад, дэмжээд оруулсан. Одоо барьцаалж, төсвийг батлахгүй гэх шантааж хийж байгаа нь зориуд юм шиг санагдаж байна. Ажлын хэсэг тэнцвэр, хязгаарыг давахгүй, тусгай шаардлагыг хангасан эсэхэд анхаарна. Урсгал зардлыг 24 хувьтай, хөрөнгийн зардлыг хувь хэмжээнд барина. Харин аливаа гишүүний санал өгөх эрхийг хязгаарлаж болохгүй гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.