🔴Д.Үүрийнтуяа: Тойргийн гишүүд төсвөө батлуулах гэж хөөцөлдөж гүйх нь зүй ёсны хэрэг

AI хөрвүүлсэн
2026 оны улсын төсөв болон цаашдын төсвийн бодлогын талаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа байр сууриа илэрхийллээ.
 
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
 
-Төсвийг хуулийн хүрээнд хэлэлцэж, УИХ-ын дэг журмаар явах ёстой. Төсвийг татаж авах хуулийн эрх зүйн заалт байхгүй. Засгийн газраас анх өргөн барьсан төсөв дээр том өөрчлөлт орж, багш нарын цалинг нэмэх асуудлаар 800 гаруй тэрбум төгрөг нэмж орж ирсэн. Төсөв дээр үүсэж байгаа нийт 1.2 их наядын өөрчлөлтийг хэрхэн яаж, хаана шингээх нь толгойны өвчин болж, багагүй хугацаа орлоо.
 
Засгийн газрын анхны бодлого бол инфляцыг барьж, татварыг бууруулах байсан ч, цалин нэмэх шаардлага гарч, өөрчлөлт орсон. Мөн 126 гишүүнтэй шинэ парламентын тойргоос сонгогдсон гишүүд намын бодлого, мөрийн хөтөлбөрийн хүрээнд тойрог дээрээ амласан амлалтуудаа хэрэгжүүлэхийг шаардаж байгаа. Нөгөө талдаа, жагсаалтын гишүүд ч мөн салбар салбарын бодлогын асуудлуудаа ярьж, оруулж ирж байна. Энэ олон хэрэгцээ шаардлагад байгаа нөөц боломжоо хэрхэн хүргэх дээр мэтгэлцээн, маргаан өрнөж байна. Өчигдөр Төсвийн байнгын хорооноос гарсан шийдвэр дээр МАН бүлгээрээ ярилцах шаардлагатай гэж үзээд, чуулганаас завсарлага авсан.
 
Бүсчилсэн хөгжлийн хүрээнд гэж тавьсан зардал дээр багц дүн тавих боломжгүй гэдэгт бүх гишүүн шүүмжлэлтэй хандаж байгаа. Хаана, яг юу хийх нь тодорхой байх ёстой. Түүнчлэн, тойргийн гишүүдийн тойргийн мөнгө гэх буруу ойлголт бий. Тойргоос сонгогдсон гишүүд ард түмэндээ амлалт өгөөд гарж ирсэн учир тойрог, орон нутаг дээр тулгамдсан асуудлыг шийдэх үүрэгтэй. Үүнийхээ төлөө хөөцөлдөж явах нь зүй ёсны хэрэг гэв.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сарнай. 1 цаг өмнө
Үүрийнтуяа эрүүл сэтгэдэг улс төрч юм.