🔴А.Ариунзаяа: Бүсийн хөгжил нэрийдлээр 90 тэрбум төгрөг төсөвт суулгаж байгааг эсэргүүцэж байна
2026 оны улсын төсөвт эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн санхүүжилтээс хасаж, бүсийн хөгжил нэрээр 90 тэрбумыг гишүүдэд хуваарилах гэж байгаа талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа мэдээллээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Энэ жилийн намрын чуулганы хувьд 9 дүгээр сарын 15-нд буюу хоёр долоо хоногийн өмнө эхэлснээрээ онцлог. Төсвийн хэлэлцүүлэг ч мөн нэг үе шат нэмэгдсэн. Хэлэлцэх, засах хугацаа хангалттай байсан гэсэн үг. Төсөв өргөн барьсан цагаас хойш Төрийн албаны тухай хуулийн 9.2, Төсвийн тухай хуулийг зөрчсөн байна. Тиймээс төсвөө эргүүлэн татаад, хуульд нийцүүлээд оруулж ирэх ёстой.
Зөвхөн тэтгэврийг зургаан хувиар нэмээд, бусад цалин, халамж, тэтгэмжийг нэмээгүй хэр нь алдагдалтай төсөв өргөн барьсан. Алдагдалгүй, ямар ч орон зайгүй, сахилга баттай төсөв байсан бол ойлгох л байлаа. Гэхдээ хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хагас дутуу нэмэгдэлтэй орж ирснийг анхнаасаа эсэргүүцсэн. Гэтэл огт үг авахгүй, хүчлээд явсан. Үүнийг дагаад багш, эмч, ахмадууд, үйлдвэрчний эвлэл хүчтэй эсэргүүцэл илэрхийлсэн тул Засгийн газар төсвөө татаад, дахин оруулахын оронд УИХ-д шийдүүлэхээр оруулчихсан.
Төрийн албан хаагчид тэтгэвэртээ гарахад нэг удаа олгодог 36 сар хүртэлх тэтгэмжийг бүрэн дүрэн тавих ёстой. Үүнийг Төрийн байгуулалтын хороо дүгнэж, 178 тэрбум төгрөгийг нэмж тусгах саналыг дэмжсэн ч, Төсвийн байнгын хороон дээр унасан. Одоо чуулганд эргэж оруулж, парламентын боломжоор шийдэх үлдлээ. Эс бөгөөс хууль зөрчсөн төсөв батлагдана.
Ажлын хэсгийн саналаар 175 төсөл, арга хэмжээний төсөв, санхүүжилтийг тодорхой хэмжээгээр бууруулаад, 111 төсөлд шилжүүлэх, нэмэгдүүлэх, шинээр бий болгосон байна. Гэтэл хүүхдийн асрамжийн төв, хавдар судлалын эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, сургууль, цэцэрлэгийн төсвөөс хасаад, бүсийн хөгжил нэрээр 90 тэрбумыг ямар ч зориулалтгүйгээр гишүүдэд хуваарилах гэж байна. Зам, ногоон хот зэрэг тэвчиж болох зардлуудыг нэмэхийг эсэргүүцэж байна гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.