ХААИС-ийн хүрээлэнгийн захирал Т.Батсүх, Архангайн дарга нарын авлигын хэргийг дахин хэлэлцүүлнэ
ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх, Архангай аймгийн Засаг дарга асан, өдгөө ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга байсан, одоо тус аймаг дахь Политехник коллежийн захирлын албан тушаал хашдаг Б.Өсөхбаяр нарт холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.
Т.Батсүх нь эрх мэдлээ урвуулан жолооч, түүний хамаарал бүхий хүмүүс, өөрийн садан төрлийн холбоотой хүмүүсийн байгуулсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, төсвийн их хэмжээний хөрөнгийг завшсан, Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Мөнхнасантай зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм. Харин Ц.Мөнхнасан Засаг даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяртай хамтран 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд ИТХ нь хуралдаагүй байхад “Газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудал хэлэлцсэн” хэмээн хуурамч тогтоол гаргасан. Уг хуурамч тогтоолыг АМГТГ-т хүргүүлэн, Цэнхэр сумын нутаг Шоронгийн ам гэх газарт 4.75 га газрыг бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулан “Тунгалаг Тамир ар” гэх нөхөрлөлтэй таван жилийн хугацаанд ашиглах гэрээ байгуулсан хэрэгт буруутгагдсан билээ.
Уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн зун хэлэлцэж нэр дурдсан гурван хүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон юм. Улмаар Архангай аймаг дахь Политехникийн коллежийн захирал Б.Өсөхбаярт 20 сая төгрөгөөр ял оноож, төрд ажиллах эрхийг таван жил хассан. Ц.Мөнхнасан, Т.Батсүх нарын бие биедээ хөнгөн хохирол учруулсан хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хэрэгсэхгүй болгосон юм. Ингээд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Мөнхнасанд 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг зургаан жил хасахаар болсон. ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийн нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 19.2 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн уг хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.