🔴С.Бямбацогт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудыг Засгийн газрын Xэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцууллаа.
УИХ-ын гишүүн, ЗГXЭГ-ын дарга С.Бямбацогт:
-“Эрдэнэс Тавантолгой” ХК 2010 оноос хойш 15 жил нүүрс олборлож, экспортолсон. Үүнтэй холбоотой хардлага, сэрдлэг, хулгай, ил тод бус байдлын асуудал олон удаа яригдсан. Өнөөдөр Засгийн газар эдгээрийг шийдвэрлэх тодорхой алхам хийв. 2010 оноос 2025 оны хүртэлх “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүх нүүрс худалдах, худалдан авах гэрээг ил болгох шийдвэр гаргалаа.
2022 онд анх Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян төмөр замтай холбоотой арван гэрээг ил болгож байсан. Саяхан оффтейк гэрээнүүдийг ил болгож, нийт 40 гэрээ ил болсон. 2010-2025 оны хооронд “Эрдэнэс Тавантолгой” компани нийт 586 гэрээ байгуулсан байна. Үүнээс 531 гэрээг нь ил болгох шийдвэр гаргав. Үлдсэн таван гэрээ нь олон улсын томоохон компаниудтай байгуулсан ам нөхцөлтэй гэрээ байгаа. Эдгээрийг нөгөө талын зөвшөөрөл авч байж ил болгоно. Процесс явагдаж байгаа бөгөөд удахгүй ил болгоно гэж найдаж байна.
Түүнчлэн Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй, хувьцаат компани болгох шийдвэр гаргасан. Сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланг олон улсын, хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниар шалгуулна. Аудит нээлттэй сонгон шалгаруулалтаар хийгдэх бөгөөд тайланг ил болгоно. Дараа нь олон улсын менежмент, удирдлагын баг сонгон шалгаруулж, нээлттэй хувьцаат компани болгох боломж бүрдүүлнэ.
Өнгөрсөн 15 жилд “Эрдэнэс Тавантолгой” компани 176 сая тонн нүүрс олборлож, 166 сая тонныг борлуулсан. 37 их наяд төгрөгийн орлого олж, улсын төсөвт 10.8 их наяд төгрөгийн татвар хураамжийг төлсөн. Ноогдол ашиг болох 2.2 их наяд төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд олгосон. Мөн нүүрсийг Монголын Хөрөнгийн биржээр дуудлага худалдаагаар арилждаг болсон. 2023 оны 2 дугаар сараас 223 удаагийн цахим арилжаа зохион байгуулж, 34 сая тонн нүүрс арилжаалж, 3.4 тэрбум ам.долларын орлого олсон байна. Ам нөхцөлтэй гэрээгээр хямд үнэ явдаг байсан бол биржээр арилжаалахад орлого хоёр дахин нэмэгдэж байна.
Дараагийн асуудал бол ЭМД-ын сангийн үйл ажиллагааны шалгалтын дүн. Ажлын хэсгийн шалгалтаар ЭМД-ын санг "Эмчлэх, эрүүлжүүлэх цаг ирсэн" гэж дүгнэсэн. 2020 онд ЭМД-ын тухай хуульд өөрчлөлт орж, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэн. Энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, гүйцэтгэлээр санхүүжүүлэх боломж бүрдүүлсэн. Гэвч өр төлбөр дааж давшгүй түвшинд хүрч, дампуурлын ирмэгт тулсан. ЭМД-ын сан 2020 онд 2.6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байсан бол 2021 онд 264 тэрбум, 2023 онд 218 тэрбум, 2024 онд 316 тэрбум төгрөгийн өр үүссэн. Харин 2025 онд 280 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсэх тооцоо бий.
Ийнхүү жил бүр алдагдалтай ажиллаж байгаа шалтгаанд ажлын хэсэг хяналт шалгалт хийсэн. Нэгдүгээрт, хязгаарлагдмал эх үүсвэртэй ч хязгааргүй санхүүжилт олгож байсан гажуудал энэ санд бий болжээ.
Хоёрдугаарт, ЭМД-ын Үндэсний зөвлөл чиг үүргээ хэрэгжүүлж, ажлаа хийж чадаагүй. Жишээ нь, 2024 онд нэг иргэн найман удаа эмнэлэгт хэвтэж, 118 сая төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Өөр иргэн жилд 346 удаа амбулаторийн үзлэг хийлгэж, 12 сая төгрөгийн шинжилгээ оношилгоо хийлгэсэн байгаа юм. Мөн нэг иргэн 61 удаа 63 сая төгрөгийн эмийн хөнгөлөлт эдэлсэн. Үндсэндээ хяналт тавьж чадаагүй бөгөөд хууль зөрчсөн, хулгай, луйврын асуудал байж магадгүй.
Гуравдугаарт, гэрээ хийхэд тоо хэмжээ, төсөв зардлыг тусгаагүй зөрчил илэрсэн. Ямар үйлчилгээг ямар зардлаар үзүүлэхийг заахгүйгээр гэрээ хийчихдэг. Ёроолгүй савнаас хутгаж авч байгаатай адил замбараагүй байдал үүссэн байгаа юм.
Дөрөвдүгээрт, хяналтын тогтолцоо алдагдсан. Сар бүр 2.1 сая нэхэмжлэл ирдэг бол нарийвчилсан хяналтыг гурван хувьд нь л хийдэг. 2024 онд 17 сая нэхэмжлэл ирснээс 105 мянган зөрчил илэрсэн. Хэрэв 100 хувь хянавал илүү их зөрчил илрэх нь ойлгомжтой. Хуурамч нэхэмжлэл газар авсан.
Тавдугаарт, эмнэлгүүдийн удирдлага хуурамч нэхэмжлэл үүсгэж, сангаас мөнгө завших зөрчлүүд газар авчээ. 2023-2025 онд 230 мянган зөрчил илэрсэн. Жишээ нь, хөнгөн өвчтэй хүнийг хүнд гэж оношилж, илүү зардал гаргадаг байна. Энэ нь эмч нарын цалинг нэмэх, салбарын чанарыг сайжруулах боломжийг хаасан.
Эдгээр зөрчлийг хууль хяналтын байгууллагад шалгуулж, хариуцлага тооцно. Үр дүнд нь ЭМД-ын сангийн санхүүжилт боломжийн болно. Гүйцэтгэлээр санхүүжүүлэх тогтолцоо зөв ч хяналт хийх шаардлагатай. Иргэд өвчлөхөөс урьдчилан сэргийлэхийг анхаарах хэрэгтэй. ЭМД-ын Ерөнхий газарт бодлогын өөрчлөлт хийнэ. Шинэ дарга томилсон гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.