🔴Л.Оюун-Эрдэнэ: Миний хүү орлогоо нотолчихсон. Яах гэж гал барьж, олон хүнийг гомдоов доо гэж бодогдож байна

AI хөрвүүлсэн
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ улс төрийн цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлээ.
 
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
 
-"Оюу толгой"-той холбоотой гүтгэлэг, гадаадын хөлбөмбөгийн багийн төлбөрийн асуудал, Харбинтай холбоотой гэрээ гэх зэрэг нь бүгд худлаа, улс төрийн зохион байгуулалттай дайралт. Намын дотоод сунгаа ингэж улс төржсөнд харамсаж байна. Иргэдээсээ уучлалт гуйж байна. Бид баримт нотолгоотой л ярих ёстой, худлаа зүйлээр хүнийг гүтгэж болохгүй.
 
"Оюу толгой"-н гэрээтэй холбоотойгоор Арбитр дээр маргаан гараад, олон хуулийн фирм ажиллаж байгаа. Харин "Монгол хаан" жүжигтэй холбоотой зургийн хувьд, Англи-Монголын дипломат харилцааны 60 жилийн ойн баярын үйл ажиллагааны 126 хуудас тайланд хавсаргасан нэг хуудсыг аваад л, гүтгэчихсэн. "Монгол хаан" руу нэг л ам.доллар орсон нь нотлогдвол би 100 хувь хариуцлага хүлээнэ. Тус жүжгийн залуучууд руу дайрах хэрэггүй, төсвөөс нэг ч төгрөг аваагүй.
 
Миний хүү АТГ-т орлогоо тайлагнасан, вэбсайтад нь байгаа. Цүнх, бас нэг бөгжтэй холбоотой асуудал хэтэрхий улс төржсөн. Эдгээр асуудлыг АТГ шалгаж үзээд, худлаа гэдгийг нь нотолсон. "Hero Entertainment" компани намайг улс төрд орохоос өмнө байсан. Өдөр тутмын ажилд нь би оролцдоггүй. Компани хууль ёсны дагуу татвараа өгөөд явдаг. АТГ шалгалтаа үргэлжлүүлж байгаа байх. Би нэг удаа очиж тодруулга өгсөн.
 
Харбины хэлэлцээр бол хоёр улсын Засгийн газрын хоорондох гэрээ. Мөнгөн дүнгийн зөрүү гэж гараад байгаа мэдээ огт худал мэдээлэл. Энэ гэрээ нууц биш, мөн хэзээ ч цуцалж, илүү сайжруулах боломжтой. 
Намын их хурал 11 дүгээр сарын 15-нд болно. Мэдээж өрсөлдөөнөөр хэн нэгэн ялна. Ялагчийг хүлээн зөвшөөрөх л асуудал. Дотоод сунгаандаа төрийн институт, хууль хяналтын байгууллагыг татан оролцуулж, өрсөлдөж болохгүй. Ийм жишиг тогтвол цаашид намуудын дарга нарын өрсөлдөөн бие биеэ яллах зэвсэг болж, ардчилсан зарчим хөндөгдөнө.
 
ҮХЦ-ийн шийдвэр парламентын хэд хэдэн эрхэд халдсан. Үүний нэг нь парламентын дотоод процесс бөгөөд энэ нь цэцэд ямар ч хамаагүй. Цаашдаа цэц бүх асуудлыг шийддэг болоод, улс төрийн хувьд парламентынхаа дээр гарчих вий гэсэн болгоомжлол байна. Мөн цаашид парламент Засгийн газарт хариуцлага тооцож чадах уу гэдэг асуудлыг хөндөж байна.
 
Ажлаа өгсөн Ерөнхий сайдын хувьд хэлэхэд, "Ер нь ингэж гал барьж, томоохон ажлуудыг бараг яах гэж хийв дээ" гэж бодогддог юм байна. "Зүгээр л байж байдаг байж. Ийм олон хүн гомдоож, улсын төлөө агуулгаар хийсэн зүйлс маань зөв ч байсан юм уу, буруу ч байсан юм уу" гэж бодогдох юм. Одоо олон л сайхан залуучууд байна. Гэхдээ нийтийн эрх ашгийн өмнөөс гал аваад, том том сэдвүүдтэй тулж явах хувь хүний хувьд их ядаргаатай юм билээ. Тэгэхээр цаашид ийм хүмүүс гарч ирэхгүй, мохоо болчих вий дээ.
 
Намын асуудал дээр ч тэр, "Хэрвээ арван суудал дутуу авчихсан байсан бол манай нам дотор ийм хэмжээний хуваагдал болохгүй. Мөрөөрөө л Ардчилсан намтай хамтраад, хамтарсан Засгийн газраа явуулж л байсан байх" гэж бодогдож байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.