🔴Ц.Батболд: Гишүүний бүрэн эрх дууссаны дараа олгодог тэтгэмжийг цуцлах ажлын хэсэг байгуулагдана
УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийн заалтыг хүчингүй болгохыг шаардсан цахим өргөдөл гаргасан иргэн Ц.Батболд мэдээлэл өглөө.
Иргэн Ц.Батболд:
-Өргөдлийн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор миний Цахим парламентад нийтийн өргөдөл гаргасан асуудлаар хуулийн дагуу авч хэлэлцлээ. Байнгын хорооны тогтоол шийдвэрээр УИХ-ын гишүүн Б.Хэрлэнээр ахлуулсан есөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, хууль санаачилж, УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулах шийдвэр гарлаа.
Гишүүдийн байр суурь хоёр талтай байна. Мэдээж, шинэлэг сэтгэлгээтэй, залуу улс төрч гишүүдийн хувьд дэмжиж байна. Харин парламентад үе улирч сонгогдсон, настай гишүүдийн хувьд бол "Судалж үзэх ёстой, тэтгэмж гэдэг зүйл бидэнд байх ёстой" гэж хандаж байна. Гэхдээ 71.9 хувиар ажлын хэсэг байгуулагдаж, дэмжсэн шийдвэр гарлаа.
Дэгийн тухай хуулиараа байнгын хороо, УИХ-ын дарга хуваарилах ёстой. Байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж эхэлнэ. Хэлэлцэх хугацаа нь гурван сартай байгаа тул энэ намрын чуулганд амжихгүй, ирэх оны хаврын чуулганд орох болов уу гэж ойлгож байна.
Хуульч хүний хувьд анх энэ өргөдлийг гаргасан шалтгаан бол Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1.2 дахь 6 дугаар заалт юм. Хүнийг үндэс угсаа, хэл, арьс өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн заалт. Хүн бүр эрх зүйн этгээд, Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Мөн Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэсэн. Дээрх заалтуудыг УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэг буюу УИХ-ын гишүүн дахин сонгогдоогүй, ажил эрхлээгүй бол 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орвол зөрүү цалинг авна гэсэн заалт өөрсдөдөө тэгш байдлыг алдагдуулж, давуу эрх олгож байгаа учраас хүчингүй болгохыг шаардсан. Өргөдлийг 100 мянган хүн дэмжсэн. Энэ 100 мянган хүнд талархаж, баярласнаа илэрхийлье.
М.Бадамсүрэн гишүүн ажлын хэсэг байгуулаад, хэлэлцэх асуудал биш гэж үзэн, шууд хүчингүй болгож, УИХ-ын хуралдаанд оруулах горимын санал гаргасан ч дэмжигдсэнгүй гэлээ.
                    
                    
                        
                    
                    
                
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.