УБТЗ-аас авсан хөрөнгөө угаасан гэх Ж.Гарьдын хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулах нь

УБТЗ-аас авсан хөрөнгөө угаасан гэх Ж.Гарьдын хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулах нь

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Д.Ж-гийн хүү Ж.Гарьдад холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохойрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг өчигдөр хянан хэлэлцээд 60 хоногийн дотор багтаан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэлээ.

Ингэхдээ “Санхүү, нягтлан бодох бүртгэлийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй. Энэ нь нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх хууль журам зөрчсөн” гэж шүүгч дүгнэсэн юм. Өөрөөр хэлбэл, 600 000 ам.долларын эх үүсвэрт санхүүгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах ёстой юм байна. Ж.Гарьдыг “Скай профешнл ложистик” ХХК-иараа дамжуулан 2017 оны долоодугаар сард “Улаанбаатар төмөр зам”-аар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшний вагон тээвэрлэх, хамтран ажиллах гэрээг нийтийн албан тушаалтан буюу аав Д.Ж-тайгаа байгуулж давуу байдал олж авсан. Уг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого болох 600 000 ам.доллар буюу 1.5 тэрбум төгрөгийг Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод байгуулсан “Ансу трейдинг лимитед” компанийнхаа данс руу шилжүүлж, түүнийгээ буцаан “Жи ар ди реалти” ХХК-ийнхаа дансаар Монголд буцаан оруулж ирсэн. Түүгээрээ Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг, Амарсанаагийн гудамж дахь 1495 ам метр талбай бүхий үйлчилгээний зориулалттай объект, газар эзэмших эрхийн хамт худалдан авч мөнгө угаасан хэмээн буруутгаж буй юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.