🔴Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2026 оны арваннэгдүгээр сард 2.8 саяд хүргэнэ

AI хөрвүүлсэн

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг бүлгийн гишүүд танилцууллаа.

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал:

-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар 2026 оны улсын төсвийн хэлэлцүүлэгт бэлтгэх УИХ-ын ажлын хэсгийн мэдээллийг сонсож, нийгмийн нөхцөл байдлыг тус төсөвт зохицуулах боломжийг нягтлан авч үзлээ.

Боловсролын салбарт багш нарын үндсэн цалинг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2.8 сая төгрөгт хүргэх тооцооллыг хийж, шийдвэрлэхээр боллоо. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 15 хувиар нэмэгдүүлэх судалгааг хийж, эх үүсвэрийг төсөвт суулгалаа. Мөн ахмад настнуудын тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэврийг инфляцтай уялдуулан 8.6 хувиар өсгөхөөр тооцоолж, 2026 оны төсөвт тусгав.

Баялгийн сангийн өгөөжийг нэмэгдүүлэх, ашиглагдаагүй орд газрууд дээр олон улсын аудит хийх, хуримтлалын сан, ирээдүйн сангуудын хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа.

Монгол Улсын хөдөлмөрийн үнэлэмжийг Азийн хөгжилтэй улсуудтай өрсөлдөх түвшинд хүргэх шаардлагатай. Хувийн хэвшлийн байгууллагууд төрийн бэлтгэсэн боловсон хүчнийг шингээж байгаа тул төрийн эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын тогтвор суурьшилтай ажиллагааг хангах бодлого боловсруулах хэрэгтэй.

Боловсролын салбарын үйлдвэрчний байгууллагуудтай хийсэн хэлцлийн нэмэлтээр 2026 оны төсөвт шаардлагатай хөрөнгийг зохицуулсан. Засгийн газрын холбогдох сайдуудад чиглэл өгсөн бөгөөд хэлцэл хангагдаж, ажил хаялт зогсож, хэвийн үйл ажиллагаа руу орно гэж итгэж байна гэлээ.

УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, Төсвийн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг:

Эдгээр зохицуулалтаар нийт нэг их наяд 150 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гарна. Үүнийг нөхөхөд урсгал зардлыг 10-13 хувиар бууруулах, хөрөнгө оруулалтыг 50 хувиар хасаж, шилжих хөрөнгө оруулалтыг 15 хувиар бууруулах зэрэг арга хэмжээ авна. Энэ нь нийгмийн даатгал, халамжийн сан, ЭМД-ын сан, хүүхдийн мөнгө, гамшгийн зардал зэрэгт нөлөөлөхгүй.

Урсгал зардлын хэмжээг 24 их наядаар барих, хөрөнгийн зардлыг хязгаарлах бодлогоор инфляцад нөлөөлөхгүй байхыг тооцолсон. Засгийн газар, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтарч тооцооллыг нарийвчлан хийж, улсын төсөвт зохицуулалт хийхээр болсон. Боловсрол, эрүүл мэндийн салбаруудын ажил хаялтын нөхцөл байдалд тохируулан цалин, тэтгэврийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Төсөв батлагдсаны дараа арга хэмжээний тогтоолд цалин хөлсний шатлал, хөдөлмөрийн үнэлэмжийг нэг мөр зохицуулах үүрэг өгнө гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.