🔴Н.Учрал: УИХ дахь МАН-ын бүлгийн даргын асуудлаа нэгдүгээрт шийдвэрлэх шаардлагатай байна

МАН-ын Удирдах зөвлөлөөс тус намд үүсээд буй хуваагдлыг шийдвэрлэж, хоёр талыг эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулсан билээ. Энэ асуудлаар Тэргүүн шадар сайд Н.Учрал байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал:

-МАН-ын Удирдах зөвлөл дээр Улс төрийн бодлогын зөвлөл гэж байдаг. Үе үеийн намын дарга нар, ЕНБД, мөн Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс байдаг. Энэ Улс төрийн бодлогын зөвлөлтэй хамтарсан өргөтгөсөн хуралдаан зохион байгуулаад, өнөөгийн нөхцөл байдал дээр дүгнэлт хийгээд, санал зөвлөмж гаргах ажлын хэсгийг байгуулаад буй. Мэдээж ажлын хэсэгт үе үеийн намын дарга нар орсон. Үүсээд буй нөхцөл байдал дээр үнэлэлт, дүгнэлт л өгөхөөр ажиллаж байгаа. Тэрнээс биш хууль давсан тохироо, эсвэл хулгай, авлигын асуудалтай эвлэрэх, ойлголцол зүйл огт байхгүй.

Одоогоор ажлын хэсэг албан ёсоор хуралдаагүй байна. Холбогдох УИХ-ын гишүүдтэй уулзалт хийж байх шиг байна. Өнөөдөр ажлын хэсэг хуралдаад, ямар санал зөвлөмж гаргаж, Удирдах зөвлөлд танилцуулахыг хүлээж байна. 

Эхний асуудал мэдээж Их Хурал дахь МАН-ын бүлгийн асуудал. Төсвийн асуудлууд хүлээгдэж байна шүү дээ. Хуулийн хүрээнд төсвөө баталж, холбогдох улс төрийн шийдвэрүүдээ гаргахын тулд эхлээд бүлгийн асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй.

Хууль давсан, хуулийн дээр гишгэлсэн улс төрийн нам гэж байхгүй. Нам зөвхөн улс төрийн шийдвэр гаргахад санал зөвлөмж өгөх байдлаар асуудалд хандаж байгаа. Үе үеийн намын удирдлагууд бол зүгээр санал бодол, зөвлөмжүүдээ хэлж, үүсээд байгаа асуудлуудыг хойш нь тавиад, илүү урагшаа хараад явахыг уриалж байгаа. Намын Их хурал дээр ч бүлэг нь тодорхой, байр суурь нь тодорхой байдлаар асуудалд хандаад явах нь илүү зохимжтой. Тэгэхээр ийм цаг үед бүлгийнхээ асуудлыг эхлээд шийдвэрлэх нь зөв гэсэн байр суурийг талууд илэрхийлсэн гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.