🔴Д.Пүрэвдаваа: "Оюу толгой" ХХК түр хороонд зарим мэдээллээ өгөх боломжгүй гэж хэлээд сууж болохгүй

"Оюу толгой"-н бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа хүүгийн хэлэлцээрийн асуудлаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:

-Түр хороо байгуулагдсанаараа ажлын хэсгийн үйл явцыг түргэвчилсэн. Монгол Улсын Засгийн газар болон "Оюу толгой" ХХК өнөөдөр хуралдаж, хүүгийн асуудлаараа ярилцаж байна. Тэгэхээр Монгол Улсынхаа эрх ашгийг Засгийн газар бүрэн төлөөлж чадаж байна уу, мөн ямар хэлцэлд хүрснийг дараа нь түр хороо Засгийн газраас тайлан мэдээ авах ёстой. 

"Оюу толгой" компани тодорхой хэмжээний мэдээллээ өгөхөөс татгалзсан албан тоотыг түр хороонд ирүүлсэн тохиолдол бий. Үүсээд байгаа нөхцөл байдал буюу бидний үйл ажиллагааны аюулгүй байдлыг "Оюу толгой" компани эрсдэлтэй гэж үзэн, түр хорооны хэд хэдэн хуралд оролцож, мэдээлэл тавих боломжгүй гэсэн хариуг бичгээр ирүүлсэн. Засгийн газартай хэлэлцээрт орох нь өөрсдөд нь илүү хялбар харагдаж байх шиг байна. Өнөөдөр Их Хурлын дарга нь өргөдлөө өгөөд буучихсан. Бүх хороо нь ирц хүрэхгүй байх тохиолдол тогтмол болчихсон. Үндсэндээ эрх баригчдын үйл ажиллагааны доголдлоос болоод Их Хурлын үйл ажиллагаа доголдож эхэлж байна.

Олон хуулийн зүйл заалт байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ болон үйл ажиллагаа нь тодорхой хэмжээнд нууцад байдаг. Хүүтэй холбоотой асуудлыг ярих цаг нь долоон жилд нэг удаа буюу энэ жилд мөнөөсөө мөн. Үндсэндээ 11-12 хувийн хүү нь зөвхөн "Оюу толгой"-н дээд компани болох "Рио Тинто"-гоос зээл авна гэх хэлцэлтэй. Өөр улс юм уу, өөр банкнаас хөнгөлөлттэй нөхцөлтэй хүү авч болох байтал арав гаруй хувийн хүүтэйгээр мөнгө зээлнэ гэдэг бол Монгол Улсад ноогдох ёстой байсан үр өгөөж, ашиг л улам хойшлоод байна гэсэн үг. Энэ дээр түр хороо Засгийн газарт тодорхой чиглэл өгөх ёстой. Мэдээж, экспертүүд болон хөндлөнгийн шинжээчдээр хянуулж шалгуулж байгаад, бодит тооцоон дээр үндэслэсэн шахалтыг бид өгөх ёстой гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.