Б.Пүрэвдорж: УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийчихээд бүрэн эрхийнхээ цаана нуугдаж болохгүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өргөн мэдүүлсэн, Үндсэн хуулийн цэцэд гаргах саналыг өнөөдрийн чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцлээ. Уг саналд, УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг нь нотлогдоогүй байхад шалгахыг зогсоох заалт тусгагдсан юм. Тэрбээр энэ талаараа “Гишүүдийг гэмт хэрэгт холбоотой эсэх нь тогтоогдоогүй байхад АТГ-аас дуудаж, байцаалт мэдүүлэг авах нь гишүүний халдашгүй байдлын эрхэнд халдаж байна” хэмээн өнгөрсөн чуулганы үеэр илэрхийлсэн. Уг саналыг АН-ын бүлгийн хурал дээр нухацтай хэлэлцэхээр бүлгийн дарга О.Цогтгэрэл гурав хоногийн завсарлага хүссэн юм.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
-УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн албан үүргээ гүйцэтгэж байх үед гэмт хэргийг түдгэлзүүлэх агуулга бүхий санал оруулж ирсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг түдгэлзүүлэх хоёр том заалт бий. Тэгэхээр УИХ-ын гишүүн хууль хяналтын байгууллагад эрүүгийн хэрэг үүсэж, прокуророор хянагдаад, шүүхээр хэлэлцэгдэж байх явцад энэ маргаан үүсвэл бүгд зогсоно гэсэн үг. Хэрэгт холбогдсон гишүүн бүрэн эрхийн хугацаа нь дуусаад гишүүний суудлаасаа буух хүртэл хэрэг зогсоно. Цааш дахиад 4,5 удаа гишүүнээр сонгогдвол хэрэг нь хойшлогдож мартагдана.
Гэмт хэрэг хийчихээд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн цаана нуугдах санал оруулж ирлээ. АН-ын бүлэг дээр тодорхой тайлбарласан. Энэ санал ард иргэдийн дургүйцлийг асар их хүргэж, парламентын нэр хүндийг унагаах асуудал гэлээ.
С.Ганбаатар гишүүний ҮХЦ-д гаргах саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураах байсан ч санал хураалтыг хойшлууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.