🔴Ж.Алдаржавхлан: Яамдын тоног төхөөрөмж авах 500 тэрбумыг танаж, багш нарын цалинг нэмье

Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: 

-Багш нар ажил хаялт зарлаад, хүүхэд, эцэг эхчүүд хүнд байдалд ороод байна. Тиймээс багш нарын асуудлыг яаралтай шийдэх ёстой гэж үзэж байна. 2026 оны төсөв дээр суулгасан яамдын тоног төхөөрөмжийн зардлын бараг 500 тэрбум төгрөгөөс танаж, багш нарын цалинг нэмье. Ингэвэл эхний ээлжинд, ирэх нэгдүгээр сарын 1-нд шууд 2.5 саяд хүргэх боломжтой.

Засгийн газрын зүгээс цалинг 20 хувиар нэмж, 1.7 саяд хүргэх санал гаргасан. Гэтэл багш нар цалингаа 3.5 сая болгох шаардлага тавиад байгаа. Цалинг 3.5 сая болгохын тулд гурван их наяд төгрөг шаардлагатай бол 2.5 сая болгохын тулд 768 тэрбум төгрөг хэрэгтэй. Миний хувьд эхний ээлжинд тоног төхөөрөмжийн зардлыг нэлээд хумих санал тавьсан. Хоёрдугаарт, шинээр баригдах гэж байгаа барилгуудын хөрөнгө оруулалтыг энэ жил тэвчихийг санал болгосон. Барилгын ажил нь эхлээгүй байгаа барилгуудын зардлыг танаад, 420 хэдэн тэрбум төгрөг гаргаж авах боломжтой. Мөн Их Хурлын Тамгын газар, ЗГХЭГ зэрэг төрийн том том байгууллагууд ч зардлаа хэмнэхэд болохгүй юм байхгүй.

126 гишүүнээс эхлээд танахад би бэлэн байна. Гэхдээ 126 хүний зардлаас танаад хэр их асуудал шийдэгдэх вэ? Гол нь бүтцээр нь, системийн таналт хийхгүй бол болохгүй гэж үзэж байна. Урсгал зардлыг шууд арван хувиар таначхаар зарим салбарын цалин нь орчих юм билээ. Тэгэхээр тэгж болохгүй.

Сайн багш гэж тогтвортой багшийг хэлнэ. Багшийг тогтвортой байлгахын тулд хамгийн сайн цалинтай л байлгах ёстой. Монголд ер нь багш, эмч нар хамгийн өндөр цалинтай байх ёстой. Тиймээс ийм санал гаргасан. Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг үүнийг дэмжих эсэхийг мэдэхгүй байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.