🔴Ч.Хүрэлбаатар: Хоёр талыг эвлэрүүлэх гэж хичээж байна

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, тус намд үүсээд буй асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулахаар болсон билээ. Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн асан, Ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар: 

-МАН дотор хуваагдсан гишүүдтэй уулзаж, яриа хэлцэл хийх ажлын хэсгийн даргаар ажиллаж байна. Ажлын хэсгийн ажиллах хүрээ гэж бий. Давж болохгүй шугам гэж бий. Хуультай холбоотой асуудал бол хуулийнхаа хүрээнд шийдэгдэнэ. Мөн төрийн хэрэгт оролцохгүй. Үүнийг давж гарах үндэслэл байхгүй. Үндсэндээ цэвэр нам дотроо ярилцаж, ойлголцох л асуудал. Эхлээд намын бүлэг нэг болж, төрийн ажлаа хамтдаа ярилцдаг болох тал дээр л ажиллаж байна. Одоохондоо хоёр талтай уулзалт хийгээгүй, хүлээж байна.

Ард түмний олонхын саналыг авсан Ардын нам хоорондоо үймээд байх нь Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй учир намын үе үеийн дарга нар, Удирдах зөвлөлийн гишүүд санаа зовж, ажлын хэсгийг ажиллуулж байна. Эхлээд аль аль талтай нь ярилцаад, дараа нь хамтдаа ойлголцохыг хичээнэ. Өөр хоорондын ширээ сандлын асуудлаас илүүтэйгээр улс орныхоо эрх ашгийг харж, манай намын аль аль талд байгаа хүмүүс эв зүйгээ олоод, нэгдэх байх гэж итгэж байна гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.