🔴Х.Ганхуяг: Хүүхдийн 100 мянган төгрөг болон төрийн албан хаагчдын цалинг огт хасахгүй

Эмч багш нарын цалин тэтгэвэр нэмэгдүүлэхэд нийтдээ 1.3 их наяд төгрөг шаардлагатай. Урсгал зардлыг бүх шатанд 10 хувиар бууруулахаас гадна шинээр хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг танах шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзжээ.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг: 

-Багш, эмч нарын цалинг нэмэхдээ төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг 2 хувиар нэмэх, тэтгэврийг 10 хувиар нэмэх зэрэг саналууд яригдсан. Монгол Улсын төсвийн зарлага 32.9 их наяд төгрөг байгаа. Үүнээс 8.8 их наяд нь хөрөнгө оруулалтын төсөв. Энэ дотор 1.1 их наяд төгрөг. Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан нийлээд 8.8 их наяд төгрөг. Энэ бол яагаад ч оролдож болохгүй мөнгө.

Үүнээс гадна бид яаж ч ядарсан оролдож болохгүй мөнгө бол төрийн албан хаагчдын цалин болох 7.2 их наяд, хүүхдийн мөнгө 1.6 их наяд төгрөг бий.
Өнөөдөр хэвлэлээр зарим нэг буруу ойлголт явсан байсан. Бид хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүй. Үүнийг баттай хэлье. Ингээд цаана нь 7.2 их наяд төгрөг үлдэж байгаа. Энэ дотроос оролдож болохгүй мөнгө нь гадаадын зээлийн төлбөр, хүүгийн төлбөр. Энэ нь 1.4 их наяд төгрөг юм.

Мөн энэ удаад оролдохгүй байхаар шийдсэн зардал бол гамшиг, осол, онцгой байдалтай холбоотой зардал болох 260 тэрбум төгрөг. Энэ бүхнийг тооцоод үзэхээр төрийн бүх үйлчилгээг 5.5 их наяд төгрөгт явуулах шаардлага үүсэж байна. Энэ 5.5 их наяд төгрөгийн 10 хувийн зарлагыг шилжүүлнэ. Багш нарын цалинг 20+10 буюу он гараад 20 хувь, долдугаар сард 10 хувиар нэмэх, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 10-15 хувь, тэтгэврийг 8.6 хувиар нэмэгдүүлэх боломжтой болох юм. Энэ зардлыг шийдэхийн тулд бидэнд 1.3 их наяд төгрөг шаардлагатай байгаа. Энэ хувилбарыг өнөөдөр бүлэгт танилцууллаа. Маргаашаас төсвийн ажлын хэсэг ажиллаж эхэлнэ.

УИХ өөрөөсөө эхэлж танана. УИХ-ын гишүүдийн дотоод зочин хүлээн авах зардлыг танаж байгаа. Мөн зарим урсгал засвар, эрдэм шинжилгээ судалгааны ажил, Атрын III, IV аян, бүх татаасыг 2025 оны түвшинд барих, бүх яамдын шинэ ангиллаар нэмэгдсэн төсөл хөтөлбөрийг хасах гэх мэтчилэн асуудлыг ажлын хэсэг дээр ярьж байгаа гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.