“Оюутолгой” ХК-ийн албан тушаалтнуудыг мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт шалгаж эхэллээ

“Оюутолгой” ХК-ийн албан тушаалтнуудыг мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт шалгаж эхэллээ

“Оюутолгой” ХК-ийн дөрвөн албан тушаалтныг өнгөрсөн пүрэв гарагт Тагнуулын ерөнхий газар (ТЕГ) -ын Мөрдөн шалгах газрын ажилтнууд хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж байна.

Тус компанийн Хууль эрх зүйн газрын захирал Д.Амартүвшин, Худалдан авах ажиллагааны газрын удирдах албан тушаалтан болох менежер Б.Сэрчмаа, ахлах мэргэжилтэн Ч.Нэргүй, албаны дарга М.Ганболд нарыг албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосны хариуд хахууль авч байсан, хууль бусаар олсон орлогоороо үл хөдлөх эд хөрөнгүүд худалдан авч үндэслэлгүй хөрөнгөжсөн, эх үүсвэрийг нь нуух зорилгоор мөнгө угаасан хэрэгт буруутгаж буй аж. ТЕГ-ын эх сурвалжууд ч “Тус компанийн албан тушаалтнуудыг их хэмжээний үл хөдлөх хөрөнгө хууль бусаар олж авсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь үнэн” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Нэр дурдсан хүмүүс хамтран уурхайн үйл ажиллагаа, хүдэр баяжуулахад шаардлагатай түүхий эдийг худалдан авахын тулд ойрын танилын болон хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгож тендерт шалгаруулж байсан гэх мэдээлэл хууль хяналтын байгууллагынханд ирсний дагуу энэ сарын 23-нд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, гэр албан тасалгаа, зарим компанийн байранд нэгжлэг хийгээд улмаар албадан саатуулжээ. Нэгжлэгээр хэрэгт ач холбогдолтой нотлох баримт байж болзошгүй хэмээн олон тэрбум төгрөг, тансаг зэрэглэлийн хэд хэдэн орон сууц, хаусын гэрчилгээ, автомашинуудыг тогтоон битүүмжилж, зарцуулалтыг нь царцаасан гэнэ. “Оюутолгой” ХК-ийн Хууль эрх зүйн газрын захирал Д.Амартүвшинг УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн нөхөр хэмээн цахим мэдээллийн хэрэгслүүдэд нийтэлсэн байгаа юм. Энэ талаар өнгөрсөн баасан гарагт тус компани мэдэгдэл гаргахдаа болж буй үйл явцыг няцаагаагүй бөгөөд хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Шалгах ажиллагаа явагдаж байгаа учир илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй гэсэн байв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.