Ц.Даваацэрэн, С.Мөнхтөр нарт холбогдох хэргийг харьяалал зөрчиж шилжүүлсэн гэж шүүх дүгнэв

Ц.Даваацэрэн, С.Мөнхтөр нарт холбогдох хэргийг харьяалал зөрчиж шилжүүлсэн гэж шүүх дүгнэв

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан, дараа нь “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хэсэг хугацаанд хашаад 2024 оны хавар тэтгэвэртээ гарсан Ц.Даваацэрэн, түүний хүргэн С.Мөнхтөр нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар удирдан хийлээ.

Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас Ц.Даваацэрэнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6-2.3-ын “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөө гурвуулан ашиглаж мөнгө угаасан”, 22.1-2-ын “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан”, 22.10-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байна.

Ц.Даваацэрэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Ачит ихт” компанитай байгуулсан гэрээгээр 34.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан, тус үйлдвэрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьсан “Эрдэнэт медикал” эмнэлгийг “Медипас” компанид шилжүүлж, үйлдвэрийн ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад “Хөрөнгө балансаас хасах” тухай тушаал гаргаж, бусдад шилжүүлэн төрийн өмчид 64.8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон билээ.

Мөн орон сууц борлуулсан гэх халхавч доор Хонконгийн оффшор бүсээр дамжуулан АНУ дахь аж ахуйн нэгж рүү 600 гаруй мянган ам.доллар шилжүүлж, мөнгө угаасан хэрэгт буруутгагдсан талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн.

Урьдчилсан хэлэлцүүлгийн хурлын үеэр Ц.Даваацэрэн, С.Мөнхтөр нарын өмгөөлөгчид хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах санал гаргаж байсан бол хохирогч тал болох “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн хэргийг шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Харин НПГ-ын хяналтын прокурорууд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзэж байгаагаа танилцуулсан юм.

Тэгвэл уг хурлыг удирдан явуулсан шүүгч Л.Галбадар “НПГ-аас Ц.Даваацэрэн, С.Мөнхтөр нарт холбогдох хэргийг харьяалал зөрчиж тус шүүхэд шилжүүлсэн байна. Хэрэгт холбогдогчдын сүүлийн үйлдэл буюу “Эрдэнэт медикал” эмнэлгийг “Медипас” компанид шилжүүлж, “Хөрөнгө балансаас хасах” тухай тушаал, тус аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан үйлдэл нь Орхон аймгийн Баян-Өндөр сумд болсон байна. Тиймээс харьяалах шүүхээр нь шийдвэрлүүлэх ёстой” хэмээгээд оролцогчдын бусад саналыг хэлэлцсэнгүй.

Уг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөөлөгчийн газар байршдаг, тэнд ихэнх гэрээ хэлцэл, үйл ажиллагаа нь болсон гэж прокурор, хохирогч нар тайлбарлаж байсан ч сүүлийн үйлдлийнх нь нотлох баримт Орхон аймагт болсон гэж шүүгч дүгнэсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.