Холимог тулаанч гэх Г.Чинзоригт гурван жил хорих ял шийтгэлээ
Авто засварын газарт зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдыг зодож, гудамжинд явж байхдаа тээврийн хэрэгсэл дээрээ гарч бие зассан холимог тулаанч гэх Г.Чинзоригт холбогдох хэргийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сард иргэн М.Тэнгистэй маргалдан зодож, улмаар хохирогч ухаан алдуулсан юм. Түүнийг биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсэн хэдий ч автомашины төмөр эд анги ашиглан, амийг нь онц харгис хэрцгийгээр хөнөөхийг завдсан байна. Энэ талаарх зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд тухайн үед нийтлэгдэж, хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байв.
Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэст шалгаж, Нийслэлийн прокурорын газраас Г.Чинзоригт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1, тусгай ангийн 10.1-2.1, 210.1-2.7 дахь хэсгийн онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байх үед хөнөөхийг завдсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Харин М.Тэнгист 11.6-1-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн юм.
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайхан, Д.Мөнхтуяа, Г.Ууганбаатар нар дээрх хоёр хүнд холбогдох хэргийг энэ сарын 22-нд хянан хэлэлцээд Г.Чинзоригийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байх үед хөнөөхийг завдсан гэм буруутайд тооцож, нээлттэй хорих байгууллагад гурван жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Харин М.Тэнгист 500 000 төгрөгөөр торгох ял оноов. Шүүх хурлаас өмнө Г.Чинзориг эмчилгээний зардал болгож, М.Тэнгист 12 сая төгрөг төлж барагдуулсан бөгөөд хохирогч ч эмчилгээ хийлгэж, эдгэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн аж.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.