Хотын стандарт, хяналтын газрын орлогч дарга О.Оджаргалыг шүүхэд шилжүүллээ

Хотын стандарт, хяналтын газрын орлогч дарга О.Оджаргалыг шүүхэд шилжүүллээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам, орлогч дарга О.Оджаргал, тус газрын Барилга, байгууламжийн ашиглалт бүртгэлийн ахлах мэргэжилтэн Ц.Тогтохбуян, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламж хэлтсийн дарга асан Т.Эрдэнэтуяа, Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга асан Ц.Нямцэвээн, Хотын стандарт, хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан М.Дунгармаа нарын гэр, албан өрөөнд нь нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн билээ.

Тэр жилийн зун нь нийслэл хот үерт автаж, хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсантай холбоотойгоор тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төр, олон нийтэд учирсан хохирлыг үерийн далан, суваг таглаж барилга, байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан, хууль зөрчиж газар олгосон эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах хүсэлт прокурорын байгууллагад хүргүүлсэн. Үүний дагуу прокурор, мөрдөх байгууллага ажлын хэсэг гаргаж, Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд газар болон барилга, байгууламж барих зөвшөөрөл олгосон, тухайн барилгыг хүлээн авсан хүмүүсийг шалгаж эхэлсэн юм. Улмаар заримынх нь үйлдлийг тусгаарлан шүүхэд шилжүүлсэн.

Тухайлбал, Ц.Тогтохбуянд холбогдох, хэд хэдэн барилга барьсан аж ахуйн нэгжийнхнээс хахууль авсан хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлж байв. Тэгвэл дээр дурдсан албан тушаалтнуудын нэг Хотын стандарт, хяналтын газрын орлогч даргаар ажиллаж байсан О.Оджаргалд холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тэрбээр барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисст ажиллаж байхдаа хэд хэдэн компанийн удирдлагаас хахууль авсныг АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагаагаараа тогтоосон аж. Барилга, байгууламж барьсан аж ахуйн нэгжүүдийн эрх бүхий албан тушаалтнууднаас багадаа таван сая, түүнээс дээш хэмжээний мөнгө халаасалсаар нийтдээ 8-9 компанийнхнаас 156 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт түүнийг буруутгаж буй юм билээ. Түүгээр ч зогсохгүй, нэг аж ахуйн нэгжээс зах зээлийн үнээс хямдаар орон сууц авч, бусдад түрээслүүлж ашиг олж байсныг нь тогтоосон гэнэ. Тиймээс НПГ-аас О.Оджаргалд Эрүүгийн хуулийн 22.1-1 “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.4-ийн хахууль авсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Харин аж ахуйн нэгжүүдийн эрх бүхий албан тушаалтнуудад мөн хуулийн 22.5-3 дахь хэсгийн “хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө бусдад хахууль өгсөн” хэмээн яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.