🔴УИХ Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцсэн ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан шийдвэрээ 22:30 цагт танилцуулна

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн, эсэх маргааныг хянан хэлэлцэж дууслаа. 
Их суудлын хуралдаанд Цэцийн есөн гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хуралдааныг Цэцийн дарга Г.Баясгалан даргаллаа. 
Нэхэмжлэгч буюу Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг төлөөлж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лүндэндорж оролцож байгаа бол гэрчээр УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж, шинжээчээр хуульч О.Машбат нар иржээ.
Харин УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Ц.Сандаг-Очир, Н.Номтойбаяр, М.Мандхай С.Ганбаатар Ч.Номин, Ц.Идэрбат, Б.Баярбаатар нар оролцсон ч ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан өөрөө үндсэн хуулиа зөрчиж байна, УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй гишүүдийн бүх хүсэлт гомдлыг хэлэлцэж авч үзсэнгүй. Шударга шүүхээр шүүлгэх эрхийг ҮХЦ олгосонгүй хэмээн хуралдааныг орхин гарсан билээ. 
Гэсэн ч Их суудлын хуралдаан үргэлжилж УИХ-ын төлөөллийн оронд УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандоржоос тайлбар авах хэлбэрээр хуралдсан. Өглөө 8:30 цагт эхэлсэн хуралдаан 19:00 цагт шийдвэрээ танилцуулах байсан ч хойшилж 21:00 цаг болсон.
Гэвч дөнгөж сая шийдвэр танилцуулалгүй дахин хойшилж, 22:30 цаг болгов.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.