Б.Баасандорж: Хуульд байнгын хорооны санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан
Үндсэн хуулийн Цэц өөрөө Үндсэн хуулийг зөрчиж байгаа учир их суудлын хуралдаанд оролцохгүй хэмээн УИХ-ыг төлөөлж Цэцийн их суудлын хуралдаанд оролцсон парламентын гишүүд мэдэгдээд байгаа билээ. Гэсэн ч Цэц их суудлын хуралдаанаа нэг талын буюу Засгийн газрын төлөөлөлтэйгээр үргэлжлүүлж, шийдвэр гаргахаар түр завсарлаад байна.
Энэхүү хуралдаанд гэрчээр оролцсон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж үйл явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Миний бие гэрчийн хувиар Цэцийн болон Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн асуултад хариулах үүргээ биелүүлж хуралдаанд оролцлоо. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд тухайн өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг бэлтгэн ирүүлсэн. Чуулганы хуралдаанд 111 гишүүн оролцож, 71 гишүүн байнгын хорооны саналыг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргасан. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 800 гаруй хууль Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэх ёстой.
Энэ хүрээнд УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлт гарсан. Тус байнгын хорооны 32 гишүүнээс 22 гишүүний санал дүгнэлт гарч, энэ 22 гишүүний 13.6 хувь нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжихгүй гэж гарсан. Энэ нь өөрөө саналын томъёолол болоод чуулганд орж ирсэн. Дэгийн хуульд чуулганы хуралдаанаар орох бүх асуудлыг холбогдох байнгын хороогоор хэлэлцэж, санал дүгнэлт гаргана. Санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар чуулганы хуралдаанаар санал хураасан” гэж мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.