Залуу "одод" туршлагын өмнө хүчин мөхөстлөө

Мэргэжлийн снукер биллиардын Хойд Ирландын опен тэмцээн уламжлал ёсоор Белфаст хотноо зохион байгуулагдаж байна.

7a440c0346e44a2b8fe07d4b3f3659c6

2016 оноос эхлэлтэй тус тэмцээн энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа ба тэмцээний эхний өдрөөс үзэгчдийн анхаарлын төвд ороод байна. Тодруулбал шинэхэн дэлхийн аварга бөгөөд дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж буй БНХАУ-ын залуу аварга Зао Шинтонг  эхний тойрогт Ирландын Жордан Браунд 4:0 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа. Жордан Брауны хувьд 2021 оны Уэлс Опен тэмцээний финалд домогт Ронни О Сулливан аваргыг 9:8 харьцаагаар хожин шуугиан тарьж байсан хэдий ч сүүлийн үед амжилт тааруу байхын сацуу мэргэжлийн эрэмбээс хасагдах хүртэл уруудаад байсан юм. Ирланд гаралтай тамирчны хувьд нутагтаа зохион байгуулагдаж буй тэмцээнд үнэхээр сайн тоглолтыг үзүүлж үзэгчдийг огшоолоо. 

2021, 2022 онуудад нутгийнхаа тэмцээнд дараалан түрүүлсэн Марк Аллений хувьд мөн эхний тойрогтоо ялалт байгуулж дараагийн шатанд шалгараад байна. 

Сүүлийн үед снукер биллиард сонирхогчдын анхаарлын төвд зүй ёсоор ороод буй залуу од Стан Мүүди мөн эхний тойрогт хашир туршлагатай Али Картерт хожигдон тэмцээнээ дуусгалаа. Хоёр тамирчны хувьд Их Британийн нээлттэй тэмцээн болон Шиан Гран при тэмцээнүүдэд учраа таарахад Стан Мүүдигийн ялалтаар өндөрлөсөн бол энэ удаад Али Картер залуу тамирчнаас хариугаа авлаа. Тоглолтын дараа Али Картер: "Туршлага л намайг энэхүү ялалтыг авахад гол хүчин зүйл боллоо. Стан бол үнэхээр маш сайн тамирчин. Түүнийг ганган ирээдүй хүлээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээсэн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.