🔴Э.Эрдэнэжамъян: УИХ-ын дотоод үйл ажиллагаанд ҮХЦ оролцож болохгүй. Дэндүү яарч байна

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан хүсэлтийн дагуу хуралдаж буй Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанд ажиглагчаар оролцож буй хуульч Э.Эрдэнэжамъян байр сууриа илэрхийллээ.

Хуульч Э.Эрдэнэжамъян:

-Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа маш олон хуулийг зөрчиж хуралдаж байна. Үндсэндээ огцорсон Засгийн газрын хүсэлтээр хэрэг маргаан үүсгэсэн нь дэлхий дээрх парламентын засаглалтай улс орнуудад байдаггүй агуулга. Саналын томьёолол бол УИХ-ын гишүүдийн бүрэн эрх.

Зарим хуульч нар "Монгол Улс төрийн гурван өндөрлөгөөсөө хоёрыг нь байхгүй болгочихлоо. Тэгэхээр их аюултай онц байдал зарлагдчихлаа" гэж мэдэн будилаад яриад байна. Тийм юм байхгүй. Өнөөдөр Г.Занданшатар Ерөнхий сайдынхаа үүргийг гүйцэтгээд явж байгаа. Дараагийн Ерөнхий сайд томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэх Их Хурлын тогтоол байгаа биз дээ. Ийм байдлаар ард түмэнд худлаа ярьж, сандаргаж, тэгээд цэцийг буруу зөв шийдвэр гаргахын төлөө ятгаж, нөлөөлж байгаа нь жинхэнэ төрийн эсрэг гэмт хэргийн агуулгатай юм биш үү? 

Өнөөдрийн нэн яаралтай хэлэлцэж байгаа асуудал дээр хамгийн багадаа хоёр гишүүнийг илтгэгчээр томилж, судлуулах ёстой. Гэтэл ганцхан О.Мөнхсайхан гэдэг хүн судалсан байна.

УИХ-ын дотоод үйл ажиллагаанд ҮХЦ халдаж болохгүй. Ерөнхий сайд Г.Занданшатар албан бичигтээ, мөн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт албан тайлбар болон микрофон дээрээ хэд хэдэн удаа Х.Булгантуяа гэх хувь хүнийг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж ярилаа. УИХ-аар ногдуулсан бүрэн эрхээ хэрэгжүүлснийх нь төлөө "Чамайг шоронд хийнэ шүү" гэж занаж, гүтгэж байгаа нь өөрөө Үндсэн хуулийн суурь зарчмын эсрэг зүйл. ЗГХЭГ-ын дарга нь хүн гүтгээд байвал Монгол Улсад хэн шударга шүүхээр шүүлгэж, хууль хүчний байгууллага хараат бусаар ажиллана гэдэгт итгэх юм бэ? гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.